Х.Баярмаа: Хүүхдийн тоглоомын талбайд байрлах тоглоомуудын 70 орчим хувь нь хуучирч, эвдэрсэн байна
Нийслэлийн Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас “Хүүхдийн эрх” нэгдсэн аяны хүрээнд дүүргийн Цагдаагийн хэлтэс, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтэстэй хамтран харьяа нутаг дэвсгэрт байрлах хүүхдийн тоглоомын талбай “MNS6571:2019” стандартад нийцэж буй эсэхийг шалгаж, холбогдох арга хэмжээг авсан байна. Энэ талаар Налайх, Багахангай дүүргийн прокурорын газрын ерөнхий прокурор Х.Баярмаатай ярилцлаа.
- Энэхүү шалгалтын гол зорилгын талаар ярилцлагаа эхлүүлье.
- Монгол Улсын Хүүхдийн эрхийн тухай хуулийн 6 дугаар зүйлд хүүхдийн хөгжих эрхүүдийг тодорхойлсон байдаг бол мөн зүйлийн 6.2 дахь хэсэгт “Хүүхэд хөгжих эрхээ амралт, чөлөөт цагаараа тоглож наадах, хүүхдийн зуслан, сувилалд амарч сувилуулах, өөрийн хүсэл сонирхлын дагуу уралдаан тэмцээн, хөгжлийн хөтөлбөр, дугуйлан секц, бүлэг, клубт хамрагдах, хөгжлийн төв, ордонд суралцах” гэсэн хэлбэрээр эдэлнэ гэж хуульчилсан.
Хүүхдийн эрүүл, аюулгүй орчинд тоглох нөхцөлийг бүрдүүлэх, хүүхэд энэхүү эрхээ эдлэхэд эрүүл мэнд, амь насанд нь ямар нэг байдлаар хохирол учрах, бэртэж гэмтэхээс урьдчилан сэргийлэх үүднээс энэ шалгалтыг хийсэн.
- Налайх, Багахангай дүүргийн хэмжээнд нийт хэдэн хүүхдийн тоглоомын талбай байдаг вэ? Шалгалтаар зөрчил илэрсэн үү, чанар, стандартад нийцэж байна уу?
- Дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтэстэй хамтран 8 хорооны нутаг дэвсгэрт байрлах тоглоомын талбайн судалгааг гаргахад, тоглоомын талбай болон сагсны шийд нийлээд 35 байсан. Эдгээр тоглоомын талбай болон сагсны шийдийг бүгдийг нь үзэж “MNS6571:2019” стандартад нийцэж буй эсэхийг шалгасан.
Тоглоомын талбайн орчны тохижилт нь уг стандартын 7-д заасан шаардлагад нийцэж буй эсэхийг шалгахад нэлээдгүй зөрчил илэрсэн.
Тухайлбал, тоглоомын талбайн гэрэлтүүлэг байхгүй, ногоон байгууламжгүй, хүүхэд тоглох элсэн тоглоомтой боловч тухайн элсэн дээр хүүхэд тоглох нөхцөлийг хангаагүй, хүүхдийн асран хамгаалагч хүүхдээ тодорхой зайнаас харах, суух, амрах зориулалт бүхий суудалгүй, онцгой байдлын үед аюул ослоос зайлж гарах орц, гарцгүй гэх мэт. Үүнээс гадна тоглоомын талбайд байрлах тоглоомуудын 70 орчим хувь нь хуучирч, эвдэрсэн тоглоомууд байсан.
Түүнчлэн “MNS6571:2019” стандартын 7.3-т “Тоглоомын талбайн мэдээлэх тэмдэгтэй байх бөгөөд орц, гарцан дээр байрлуулна” гэсэн шаардлагыг хангасан нэг ч тоглоомын талбай байхгүй байснаас гадна хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд зориулсан стандарт шаардлагыг хангасан орчин бүрдүүлсэн тоглоомын талбай дүүргийн хэмжээнд огт байхгүй байна.
Мөн нийт тоглоомын талбайн 82 хувь нь хүүхэд тоглож байгаад унасан тохиолдолд бэртэж гэмтэхээр цемент, шороон гадаргуутай, стандартын дагуу хийгдээгүй талбайнууд байна.
- Тус дүүргийн нутаг дэвсгэрт байгаа бүх тоглоомын талбай нь мэдээлэх тэмдэггүй байсан талаар дурдлаа. Тоглоомын талбайн мэдээлэх тэмдэг гэж юу вэ?
- Дээрх стандартад зааснаар тухайн тоглоомын талбайн орц, гарцад мэдээлэх тэмдэг байрлуулах бөгөөд тухайн мэдээллийн тэмдэгт тоглоомын аюулгүй ажиллагааг тусгахаас гадна талбайд тоглох хүүхдийн насны ангилал, асран хамгаалагчийн хийж гүйцэтгэх үүрэг болон хориглох зүйлийг тусгаж, яаралтай тусламж, цагдаа, онцгой байдал, хүүхэд хамгаалах тусламжийн 108 утасны дугаарыг харагдахуйцаар өнгөний ялгаралтай бичнэ гэж заасан байдаг.
- Шалгалтаар илэрсэн зөрчлийг арилгуулахаар прокурорын байгууллагаас ямар арга хэмжээг авч ажиллаж байна вэ?
- “MNS6571:2019” стандартын 10-т Хүүхдийн тоглоомын талбайн ашиглалт, арчилгаа үйлчилгээг тухайн хүүхдийн тоглоомын талбай байрлаж буй газар эзэмшигч хариуцаж, норматив шаардлагыг хангах үүрэг хүлээхээр зохицуулсан.
Шалгалтад хамрагдсан тоглоомын талбайнууд нь нийтийн эзэмшлийн талбайд байдаг учир тухайн хорооны захиргаа нь хариуцан ажиллаж байсан.
Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас шалгалтаар тогтоогдсон нөхцөл байдал болон яаралтай засаж янзлах шаардлагатай тоглоомын талбайн судалгааг гаргаж, зөрчлийг арилгах талаар дүүгийн Засаг дарга болон холбогдох албан тушаалтнуудад танилцуулга хүргүүлээд байна.
Стандарт гэдэг нь тодорхой хүрээнд хэм хэмжээ бий болгоход чиглэсэн ерөнхий зарчим, үзүүлэлтийг тогтоон баталсан баримт бичиг юм. Энэхүү стандартыг Стандарт, хэмжил зүйн газраас баталж, Монгол Улсын стандартын улсын бүртгэлд бүртгэснээр иргэн, аж ахуйн нэгж, байгууллага үйл ажиллагаандаа баримтлан, дагаж мөрддөг.
Стандарт, хэмжил зүйн газраас баталсан “MNS6571:2019” стандартаар бага насны хүүхдийн бие бялдрыг чийрэгжүүлэх, амралт чөлөөт цагийг зөв зохистой өнгөрүүлэх эрүүл, аюулгүй тоглоомын талбайд тавигдах ерөнхий шаардлагыг тогтоосон байдаг.
Энэхүү стандартын дагуу тоглоомын талбайд нарны тусгалт хамгийн багадаа 5 цагийн турш гэрэлтүүлэхээр байх ба шөнийн цагт гэрэлтүүлэгтэй байх, тоглоомын талбайн 20-оос багагүй хувьд ногоон байгууламж байх, тоглоомын талбайг камержуулсан байх, харуул хамгаалалтын цэгээс 10 метрийн радиуст байрлах зэрэг шаардлага тогтоосон байдаг.
Хүүхдийн тоглоомын талбайг стандартын дагуу тохижуулснаар хүүхдийн эрүүл, аюулгүй орчинд өсөх эрхийг хангах нөхцөлийг бүрдүүлэхэд ач холбогдолтой юм.
Эх сурвалж: УПЕГ