АР ГЭРИЙН ТӨЛӨӨЛӨЛ: Нийгэмд цагдааг муухай харагдуулж, итгэл үнэмшлийг нь унагааж байгаад ээж хүний хувьд эмзэглэж байна
Өнөөдөр буюу 06 дугаар сарын 13-ны өдөр Сүхбаатарын талбайд Цагдаагийн алба хаагчдын ар гэр, чөлөөнд гарсан алба хаагчид цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
"Төр нь цагдаагаа хамгаалж чадахгүйгээс болж цагдаагийн алба хаагч нар үүргээ биелүүлэхдээ эрх нь зөрчигдөж байна"
Чөлөөнд гарсан цагдаагийн алба хаагч “Төрийн цагдааг хамгаалъя” уриан дор цагдаагийн алба хаагчдаа хамгаалах гэж санаа бодлоо нэгтгэж үгээ хэлж байна. Угтаа бол бид биш төр нь цагдаагаа хамгаалах ёстой. Өнөөдөр цагдаагийн байгууллага улстөрчдөөс хараат бус байх ёстой. Гэтэл тэгэж чадахгүйгээс болж цагдаагийн алба хаагч нар үүргээ биелүүлэхдээ эрх нь зөрчигдөж байна.
Жишээ нь барилга байгууламж буулгахад цагдаа явж, үүргээ гүйцэтгэсний төлөө эрх нь зөрчигдөж байна шүү дээ. Уг нь бол тухайн алба хаагч үүргээ гүйцэтгэсэн, тушаалаа биелүүлсэн. Гэтэл сүүлд ажлаас халагдаж байна. Энэ шударга биш. Тухайн алба хаагчийн буруу зөрүүг шалгах ёстой. Тиймээс цаашид хуульд өөрчлөлт оруулах ёстой. Цагдаа нар хамгийн бага цалин авдаг ч нохойд барьдаг мод шиг бүхий л юмыг хийж байна. Өнөөдөр Засгийн газар салбарын сайд нь хамгаалахгүй байгаа болохоор бид дуугарахаас өөр аргүйд хүрч байна.
Цагдаа байхгүй бол улс орон тогтворгүй болно. Цагдаагүйгээр нэг хоёр хоноод үз. Эмх замбараагүй байдал л бий болно. Сэтгүүлч эрхтэй юм байна. Тэгвэл цагдаа яагаад эрхгүй байдаг юм бэ. Тиймээс цаашид цагдаагийн алба хаагчдын цалин хөлсийг нэмэх, нийгмийн баталгаа хэрэгтэй байна. ХЗДХ-ийн сайд нь цалин нэмнэ гээд одоо болтол таг байна. Сайд руу залгахаар уурлаад утсаа тасалдаг” гэв.
"Цагдаагаа хамгаалж байж, цагдаа чиг үүргийнхээ дагуу ажилладаг болно гэдэг нийгмээрээ ойлгомоор байна"
Ар гэрийн төлөөлөл “Мэдээллийг тэнцвэртэй хүргэж байгаа та бүхэнд баярлалаа. Өнөөдөр цагдаагийн алба хаагчдад камер, микрофон байхгүй. Бусдын адил зоригтой үгээ хэлэх, эрхээ хамгаалах боломж байхгүй. Гэтэл өөрсдийнхөө төлөө дуугарах эрхгүй байсаар өнөөдөр нийгэмд элдвээрээ доромжлуулж байгаад сэтгэл эмзэглэж байна. Тиймээс бид үзлээ бодлоо илэрхийлж, тэдний өмнөөс дуугарч байна. Бидэнд өнөөдөр бухимдахаас өөр арга алга. Нийгэмд цагдааг ийм муухай харагдуулж, итгэл үнэмшлийг нь унагааж байгаад ээж хүний хувьд эмзэглэж байна. Мэдээж мод урттай богинотой байдаг шиг хариуцлагагүй нэгэн байна. Тэр хүмүүст хуулийн хариуцлага хүлээлгэх байх. Гэхдээ үүргээ биелүүлж буй алба хаагчдынхаа эрх ашгийг анхаармаар байна. Угаасаа л цагдаа ийм байсан гэдэг хуучны ойлголтоо өөрчлөх цаг болсон. Бид цагдаагаа дэмжиж байж нийгмийн аюулгүй байдлаа хангаж чадна. Бүгд өвчтэй болоод дуусаж байна. Алба хаагчдын сэтгэл зүй хамгийн хүнд байна. Цагдаагаа хамгаалж байж, цагдаа чиг үүргийнхээ дагуу ажилладаг болно гэдэг нийгмээрээ ойлгомоор байна” гэлээ.
"Цагдаагийн алба хаагч дүрэм журмыг сахиулах үүрэгтэй болохоос биш улстөрийн зөрчилдөөний хохирогч болох ёсгүй "
Түүнчлэн мэдээлэл өгөх үеэр “Цагдаагийн алба хаагчдын эрх ашгийг хамгаалах холбоо”-ны төлөөлөл “Өнөөдөр бид нэг хувь хүн дээр чиглэсэн гэхээс илүү нийгэмд үүсээд байгаа асуудлаар үзэл бодлоо илэрхийлж, ХЗДХ-ийн сайдад шаардлага хүргүүлж байна. Энэ шаардлагын дагуу дорвитой арга хэмжээ авахгүй, бодлогын өөрчлөлт хийхгүй бол 07 дугаар сарын 19-ний өдөр жагсаал зохион байгуулна.
Бидний тавьж байгаа шаардлагын агуулга нь Хууль, эрх зүйн хүрээнд нэн даруй шийдвэрлэх шаардлагатай асуудлууд байна. Үүнд:
Нэгт, Цагдаагийн байгууллагын албан хаагчийн нийтийн хэв журам хамгаалах чиг үүрэг гэж зааснаар алба хаагчдыг бүх юм руу оруулдаг. Энэ асуудалд хуулийн заалт тодорхой байх хэрэгтэй байна. Өөрөөр хэлбэл, Засаг даргын гаргасан нэг удаагийн шийдвэр буюу захиргааны актын хэрэгжилтийг хангуулах чиглэлээр өөрсдийн механизм ажиллаад шийдвэрлэж чадахгүй бол шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар ажиллагаа гүйцэтгэх ёстой. Тэрнээс биш нэг захирамж гаргаачхаад хэрэгжилтийг цагдаагийн алба хаагч хангуул гэж болохгүй. Цагдаагийн алба хаагч дүрэм журмыг сахиулах үүрэгтэй болохоос биш нэг удаагийн акт болгон дээр гүйцэтгэлийг хангуулаад байвал улстөржсөн асуудалд орчихоод байна.
Өөрөөр хэлбэл цагдаагийн алба хаагч улстөржсөн шийдвэрийн хэрэгжилтийг хангуулахгүй байх, хөндлөнгийн оролцоо хангуулах тал дээр хуулийн өөрчлөлт хийгдэх талаар дээр ажиллаж байна.
Хоёрт, Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулиа тодорхой болгох хэрэгтэй. Хэвлэлийнхэн ямар объект руу орж яриа авах ёстой вэ, тэр эрх үүргээ тодорхой тусгах ёстой. Тэгвэл цагдаагийн үүрэг гүйцэтгэх ажлыг зохион байгуулахад хүндрэл бэрхшээл үйл ойлголцол гарахгүй болно.
Гуравт, Цагдаагийн байгууллагын дотоод журмыг зохицуулсан Хэв журам хамгаалах үйл ажиллагааны стандартыг тодорхой болгох. Цагдаагийн алба хаагч засаг даргын шийдвэрийн хэрэгжилтэд хяналт тавих юм уу, тавихгүй юм уу гэдгийг тодорхой болгох хэрэгтэй.
Тэгэхгүй бол сүүлийн үеийн сэтгэл ханамжийн судалгаагаар цагдаагийн алба хаагч маш их стресстэй, гаднаас ирэх дарамт шахалт ирдэг гэж байна. Гэхдээ алдаа гаргасан алба хаагчийг өмгөөлөөд байгаа юм биш. Алдаа гаргасан бол арга эхмжээ авах нь зөв. Гэхдээ улстөрийн зөрчилдсөнөөс болж цагдаагийн алба хаагчийн эрх ашиг хохирох ёсгүй. Цагдаа ч гэсэн иргэн хүн шүү дээ” гэсэн байр суурийг илэрхийллээ.
Дэлгэрэнгүй мэдээллийг эндээс үзнэ үү.