Цагдаагаас айсан бүлэглэл л ЦЕГ-ын даргыг “хэмлэдэг”-ийг түүхийг сануулъя!
Өнгөрсөн нэг сар гаруйн хугацаанд ажиглахад ЦЕГ-ын дарга Ж.Болдын эсрэг удаа дараагийн дайралтууд олон нийт рүү чиглэсэн сошиал мэдээллээс анзаарагдлаа. ЦЕГ-ын даргыг огцруулахаар улайрах процесс, цаг үеийн факторуудыг ажиглахад энэ удаад улс төрийн зорилготой, тодорхой тохиролцоотой “механик” үйлдэл болох нь харагдаад байгаа юм.Үргэлжлүүлээд С.Эрдэнэ даргатай АН-аас энэ оны 5дугаар сарын 11-ний өдөр ХЗДХ-ийн сайдад хандан “ЦЕГ-ын дарга Ж.Болд, Нийслэлийн цагдаагийн удирдах газрын дарга Р.Отгонжаргал, Нийслэлийн прокурорын газрын дарга Ц.Ариунболд, СБД-ийн Цагдаагийн газрын дарга Н.Чинбат нарыг нэн даруй огцруулахыг шаардсан. Энэ удаа дахиад эсэргүүцлийн жагсаал зохион байгуулахаар зэхэж байна.
Уучлаарай, улс төрөө цагдаагаас хол хий гэж хэлмээр байна. Үүнтэй холбогдуулан нэгэн түүх сануулъя.
Хууль зүйн сайдаар Х.Тэмүүжинг ажиллаж байх үед, Засгийн газрын 2014 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн тогтоолоор Дотоодын цэргийн 05, 805 дугаар ангийг татан буулгасан. Ингэснээр улсын онцгой объектуудыг хамгаалах, нийгмийн хэв журам сахиулах, гэмт хэргийг таслан зогсоох маш том “армийг” тэр чигээр нь үгүй хийсэн нь харамсалтай.
Цагдаагийн байгууллагын хүч хэрэгсэл хүрэлцэхгүй үед тэдэнд туслах зорилгоор баяр наадам, жагсаал, цуглаан зэрэг нийтийг хамарсан арга хэмжээний үед нийгмийн хэв журмыг сахиулахад туслах, гудамж, талбай зэрэг олон нийтийн газар нийтийг хамарсан эмх замбараагүй байдал бий болсон үед иргэдийн болон төрийн байгууллагын аюулгүй байдал, өмч хөрөнгийг хамгаалахад туслах, гяндан, хугацаагүй хорих тусгай салбар, чанга, онцгой дэглэмтэй хорих анги, цагдан хорих байранд үймээн гарсан үед дэг журам тогтооход оролцох, оргон нуугдсан гэмт этгээдийг баривчлах, сураггүй алга болсон этгээдийг эрж олох талаар цагдаагийн болон хорих байгууллагаас явуулж байгаа нэгдсэн арга хэмжээнд оролцох, их хэмжээний үнэт зүйл, мөнгөн тэмдэгтийг зөөж тээвэрлэх үеийн хамгаалалтын ажилд туслах, нийгмийн хэв журам хамгаалах, гэмт хэргийг таслан зогсоох ажиллагаанд оролцдог байсан. Энэ бол улстөрчид цагдаа, түүний харьяа байгууллагаар тоглосны нэг жишээ.
Харин одоо ЦЕГ-ын даргаар “тоглох” гэж байна. Энэ бол Монголын улс төрд уламжлалт тоглоом болсон гэж хэлж болно. Гэхдээ улс төрд маш нөлөөтэй, олигархийн хэргүүд шалгагдаж буй, тэр тусмаа шалгуулагч этгээдүүд нь УИХ-ын гишүүний халдашгүй эрхийг олж авахын төлөө юу ч хийхээс буцахгүйгээр сонгууль хүлээж буй энэ мөчид ЦЕГ-ын даргаар тоглох нь нүдээ олсон хэрэг биш. Харин ч “нүдийг нь сохолсон” хэрэг болно. Товчхондоо тэдгээр олигархиудын төрөөс их хэмжээний мөнгө завшсан эсэх тухай хэргийг шалгаж байхад удирдлагыг нь солино гэдэг буруу. Учир нь тэднийг шалгаж буй хэдэн бор цагдаа бол үүргээ биелүүлж байгаа Төрийн цагдаа болохоос “Болдын цагдаа” биш юм шүү!
Тэгэхээр энэ бүхэн цагдаагаас айсан хүн ЦЕГ-ын даргад улс төрийн шахалт үзүүлдэг юм байна. Мэдээж энэ нь ЦЕГ-ын даргад айдас авчрахгүй. Тиймээс Хууль зүйн сайдад, түүгээр дамжуулж Ерөнхий сайдад улс төрийн шахалт үзүүлэх замаар наймаалцаж гэмт хэргээс зайлах арга хэлбэр рүү шилжих гэсэн оролдлого гэж харагдаж байна. Нэг жишээ нь АТГ-ын мөрдөгч Б.Бат-Олзвойг саяхан ажлаас халж түүний оронд Б.Батбилэгийг томиллоо. Яагаад гэдэг нь мөн л экс Ерөнхийлөгч Х.Баттулга, экс ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга А.Гансүх нарт холбогдох хэрэгтэй холбоотой юм биш биз гэдэг хардлагыг дагуулсныг нуух юун. Энэ мэтээр хэргийг бүдгэрүүлэх оролдлого шахалтууд идэвхтэй үргэлжлэх бололтой.
Гэсэн ч тод чангаар хэлэхэд ЦЕГ-ын даргыг “зайлуулсан” ч олон нийт цагдаадаа итгэсээр байх болно. Харин ЦЕГ-ын даргыг сольж, дараагийн даргыг томилогдтол тушаал, үүрэг чиглэл хүлээх албан хаагчдын үйл ажиллагаанд саад учруулж цаг хожих нь явуургүй арга болно гэдгийг энэ дашрамд сануулахад илүүдэхгүй болов уу...
Эх сурвалж: У.Оргилмаа, baabar.mn
|