Согтууруулах ундаа хэрэглэсэн Монгол эмэгтэй Улаан-Үдэд осол гаргажээ
Телеграм олон нийтийн сүлжээн дэх "Spot.Улан-Удэ" суваг Буриадын нэгэн оршин суугч осолд орсон тухайгаа ярьсан бичлэгийг түгээжээ
Энэ бичлэг дээрх Буриадын иргэний ярьж байгаагаар осол саяхан Улаан-Үд хотын Исток хороололд болсон байна. Тэрбээр барилгын бааз руу орохоор, өөдөөс ирж байсан машиныг өнгөрөөхийн тулд эргэлтэн дээр зогсжээ. Яг энэ үед Монгол дугаартай машин араас нь мөргөсөн гэнэ.
"Монголчууд тормоз ч дараагүй. Тэд миний Toyota Wish машиныг мөргөж эвдсэн. Тэр монголчууд согтуу байсан. Машиныг жолооны эрхгүй эмэгтэй жолоодож явсан юм билээ. Дүү бид хоёр азтай, энэ ослоос амьд үлдсэн" хэмээн Буриадын оршин суугч ярьжээ.
Түүний өгүүлж байгаагаар, машин барьж явсан эмэгтэй жолооны үнэмлэхгүй, харин бусад нь согтуу байсан гэнэ. Улмаар тэднийг үнэмлэхгүй жолоо барьж явсан зөрчлөөр 5000 рубль, даатгал хийлгээгүй байсан тул 800 рубль, мөн осол гаргасан гэж 1500 рублиэр торгожээ. Харин осолд орж эвдэрсэн машины төлбөрийг төлөөгүй тул энэ ослоор хохирсон Буриадын иргэн Монгол иргэний зургийг тавьж, түүний талаар мэдэх хүмүүсийг мэдээлэл өгөхийг хүссэн байна.Түүнчлэн "монголчуудаас болгоомжил" хэмээн анхааруулжээ.
Эх сурвалж: shuud.mn
|