Хүүхдийн амралтыг ээлтэй болгоход томчуудын хараа хяналт хэрэгтэй
Урин дулаан цаг ирж, байгаль дэлхий өнгөө зассан нарлаг зуны өдрүүд айсуй. Цэцэрлэгийн багачууд, Ерөнхий Боловсролын сургуулийн 1-3, 4-5 дугаар ангийн хүүхдүүдийн амралт эхэллээ. Харин 6-12 дугаар ангийнхан 20-ноос амарна. Ийнхүү сургууль, цэцэрлэг амрахтай зэрэгцээд нийгэмд нэгэн чухал сэдэв хөндөгддөг билээ. Зарим гэр бүл хүүхэд харах хүнгүйгээс болж, хараа хяналтгүй орхих, аялал зугаалганд явахдаа аюулгүй байдал хангаагүйгээс осол гэмтэлд өртөх тохиолдол ихэсдэг.
Мөн хүүхдүүд ахуйн осол буюу гадаа тоглож байгаад эрүүл мэнд, амь насаараа хохирсон харамсалтай тоо цөөнгүй. Жишээлбэл, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн урд хэсэг, Туул гол дагуух Маршалын гүүрнээс зүүн тийш орших “Хан талст” ХХК-ийн эзэмшлийн газарт үүссэн усан толионд өсвөр насны дөрвөн хүүхэд хөөсөнцөр дээр гарч тоглож байгаад живж амиа алдсан хэрэг гарсан. Өглөө гэрээсээ инээгээд гарсан бяцхан багачууд иргээд гэртээ хариагүй гэхээр зүрх зүсэм. Хүүхдүүд тоглосныхоо төлөө амь насаа алдах ёсгүй. Тэд эрүүл аюулгүй орчинд өсөж, торних эрхтэй.
Тиймээс урин дулаан цаг ирж, хүүхэд багачуудын зуны амралт эхэлж буй энэ цаг үед эцэг эхчүүд хараа хяналтаа илүү сайжруулж, бяцхан үрсийнхээ ирээдүйг аз жаргалтайгаар бүтээцгээе. Гараа цагаан гипсээр боосон 10 орчим насны хүү “Аав аа төрсөн өдрөө тэмдэглэх ч худал боллоо шүү” хэмээн ярих сонсогдов. Үзлэгийн өрөөний үүдэнд эмчид үзүүлэхээр хүлээн зогсож буй хүүхдүүд харагдана. Ийнхүү санамсаргүй тохиолдлоос үүдэж гэмтэж бэртсэн хүүхдүүд ГССҮТ-ийг зорих нь хичээл, сургууль амарсан буюу зуны саруудад ихэсдэг байна. Үүнд нөлөөлж буй гол хүчин зүйл нь нөгөө л асран хамгаалагчийн хараа хяналтгүй байдал, хүүхдэд ээлгүй орчин.
ТҮРГЭН ТУСЛАМЖ АВЧ БАЙГАА ХҮМҮҮСИЙН 100-200 НЬ 0-16 НАСНЫ БАГА НАСНЫ ХҮҮХДҮҮД
ГССҮТ-ийн хүлээн авах яаралтай түргэн тусламжийн их эмч Э.Ганчимэг “ГССҮТ-д яаралтай тусламж авч буй хүүхдүүдийн тоо зуны саруудад ихэсдэг. Үүнд олон хүчин зүйл нөлөөлдөг. Жишээлбэл, Сургууль, цэцэрлэг амарч, бага насны хүүхдийг хараа хяналтгүй гэрт орхисноос болж, халуун тогоонд түлэгдэх, тогонд цохиулах, гар хуруугаа зүсэх гэсэн ахуйн болон, авто осолд их өртдөг” гэлээ. Мөн дулааны улиралд нийслэл, хөдөө орон нутагт ч ялгаагүй иргэд ихэвчлэн халуун тогоо ашигладаг. Халуун тогоог хүүхэд хүрэхэд ойр газар тавих, цаашлаад хүүхдийг харах хүнгүйгээр орхих зэрэг санамсаргүй тохиолдлоос болж хүүхдүүд түлэгдэх тохиолдол элбэг.
Түлэгдэлт нь олон талын сөрөг нөлөөтэй. Жишээлбэл, Түлэгдэлтийн зэргээс хамаарч эмнэлэгт хэвтэж эмчилгээ хийлгэх эсэхийг шийддэг. Гүн түлэгдэлтийн үед арьс нь үхэжсэн байдаг учраас арьс нөхөх хагалгаа хийдэг аж. Түлэгдэлтийн шарх удаж эдгэдэг бөгөөд дараа гарах хүндрэл нь татагдсан сорив байдгийг мэргэжлийн хүмүүс онцоллоо. Зуны саруудад нэг өдөрт гэмтэж, бэртэж ГССҮТ-өөс түргэн тусламж авч байгаа хүмүүсийн 100-200 нь 0-16 насны бага насны хүүхдүүд байдаг аж. Харин хүүхдийн баяраар эцэг эхчүүд ихэвчлэн хүүхдүүдтэйгээ хамт байсан учраас осол гэмтлийн тоо бага бүртгэгджээ. Энэ нь хүүхдүүдийн аюулгүй байдалд эцэг эх, асран хамгаалагчийн хараа хяналт зайлшгүй хэрэгтэйг харуулж байна.
ДУЛААНЫ УЛИРАЛД ХҮҮХДҮҮД ЗАМ ТЭЭВРИЙН ОСОЛД ӨРТӨХ ТОХИОЛДОЛ ИХ БҮРТГЭГДДЭГ БАЙНА
Мөн урин дулааны үеэр иргэд хөдөө орон нутгийн их зорьдог. Иргэд голын эрэг дагуу буудаллаж архидан согтуурч бага насны хүүхдийг хараа хяналтгүй орхисны улмаас усанд живэх тохиолдол гардаг аж. Үүнээс гадна хүүхдүүд зам гарч зам гарч байхдаа осолд өртөж, эрүүл мэнд амь насаараа хохирох тохиолдол их бүртгэгддэг тухай цагдаагийн ахлах дэслэгч Х.Мөнх-Эрдэнэ хэллээ.
Сургууль цэцэрлэг амарч хөдөө орон нутаг зорих иргэд бага насны хүүхдийг урд талын суудалд өвөр дээрээ суулгах, харгалзах хүнгүйгээр суулгаж замын хөдөлгөөнд оролцдог байна. Тиймээс эцэг эхчүүд хүүхдээ зориулалтын суудалд суулгаж, бүс зүүлгэн замын хөдөлгөөнд оролцоорой.
Мөн иргэд замын хөдөлгөөнд оролцохдоо орчин тойрноо шалгаагүйн улмаас бага насны хүүхэд осолд өртөх тохиолдол их байдаг аж. Тухайлбал, орон нутагт машинаа асааж урагшилаж, хойшлох үедээ хашаанд тоглож байсан хүүхдийг дайрч амь насыг хохироожээ. Энэ төрлийн дуудлага цагдаагийн байгууллагад их бүртгэгдэж байгаа тул анхаарал сэрэмжтэй байхыг албаныхан онцолж байна. Он гарснаас орон нутагт уг ослын улмаас ой хоёр, дөрөв, найм сартай хүүхэд амь насаа алджээ. Мөн зун хүүхдүүд мотоцикл унаж малаа харах, үүнээс үүдэж эрүүл мэнд амь насаараа хохирох тохиолдол гардаг аж. Тиймээс хүүхдүүдээ осол гэмтлээс хамгаалахын тулд аюулгүй орчныг ахуйн хүрээнд нь бүрдүүлэхэд эцэг эх, асран хамгаалагчдын оролцоо чухал юм.
М.ЗУЛЦЭЦЭГ: ЦЭЦЭРЛЭГ ТАРАХААР ХҮҮХДЭЭ ХЭНЭЭР ХАРУУЛАХ ВЭ ГЭСЭН АСУУДАЛТАЙ ТУЛГАРДАГ
"Хүү минь дөрвөн настай. Цэцэрлэг нь амарчихсан. Би өрх толгойлсон ээж. Тийм болохоор хүүхэд харах асуудал миний хувьд хамгийн чухал сэдэв болдог. Олон хүүхдүүдтэй харьцаж, тоглодог учраас хүү минь цэцэрлэгтээ явах дуртай. Би ч хүүхдээ цэцэрлэгт сурч байх хугацаанд санаа амар ажлаа хийдэг. Харин цэцэрлэг тарахаар хүүхдээ хэнээр харуулах вэ гэсэн асуудалтай тулгардаг. Гэхдээ хүүхдээ аюулгүй орчинд өсгөх, эрүүл саруул хүн болгохын төлөө хичээдэг" гэв. Тиймээс энэ нийтлэлээрээ дамжуулж, хүүхдийн зуны амралт эхэлсэн цаг үед ирээдүй болсон үрсдээ илүү анхаарал хандуулахыг сануулж байна.
П.Амгаланбаяр
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин