Найман цагийн хугацаанд согтуугаар автомашин жолоодсон 655 зөрчил ИЛРҮҮЛЖЭЭ
Цагдаагийн байгууллагаас 2022 оны зургадугаар сарын 10-ны өдрийн 22:00 цагаас 11-ний өглөөний 06:00 цаг хүртэлх найман цагийн хугацаанд “Зөвийг хэвшүүлье” уриатайгаар “Уусан бол бүү жолоод” шөнийн хяналт шалгалтыг улсын хэмжээнд зохион байгуулжээ.
Тус арга хэмжээнд Цагдаагийн ерөнхий газрын харьяа алба, нэгж, нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагын 2,000 гаруй алба хаагчид 800 гаруй хяналтын цэгт шалгалт явуулсан байна. Хяналт шалгалтын хугацаанд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил нийслэлд 366, орон нутагт 289 нийт 655 жолоочийг илрүүлж учирч болох эрсдэлээс урьдчилан сэргийлжээ.
Мөн тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хөдөлгөөнд оролцож явсан зөрчил нийслэлд 63, орон нутагт 176 илрүүлсэн байна.
Зөвхөн энэ оны эхний таван сарын байдлаар Цагдаагийн байгууллагын хяналт шалгалтаар согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 22,095 зөрчлийг илрүүлсэн бол улсын хэмжээнд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон жолоочоос шалтгаалсан 541 зам тээврийн осол бүртгэгдэж 43 хүний амь нас хохирсноос Нийслэлд 7, орон нутагт 36 хүний амь нас хохирсон гэдэг судалгааг цагдаагийн байгууллагаас гаргажээ.
Зам тээврийн ослын улмаас эхний таван сарын хугацаанд улсын хэмжээнд 195 хүн нас барсны 43 буюу 22 хувь нь согтуу жолоочийн буруутай үйлдлээс болж амь насаа алдсан байна.
Иймд хөдөлгөөнд оролцогч та дээрх нөхцөл байдалд дүгнэлт хийн өөрийн болон бусдын амь нас эрүүл мэнд, эд материалд хохирол учруулж болзошгүй эрсдэл өдөр тутамд байгааг ухамсарлаж өөрөө үлгэрлэн хэн нэгний буруу үйлдлийг таслан зогсооход таны оролцоо, хамтын ажиллагаа чухал байгааг анхаарна уу.