ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар сэтгүүлчдээс уучлал гуйлаа
Ажил үүргээ гүйцэтгэж явсан сэтгүүлчийн биед цагдаагийн алба хаагч халдсан явдал болсон.
Цагдаагийн алба хаагчид сэтгүүлчийн камер, микрофон, гар утас зэрэг эд зүйлсийг булаан авч, зургаан цагийн турш саатуулсан талаар gerelnews.mn сайтын сэтгүүлч Г.Гэрэлмаа мэдээлэл хийсэн юм.
Тэгвэл уг хэрэгтэй холбогдуулан Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар цахим хуудсаараа дамжуулан сэтгүүлчдээс уучлал гуйжээ.
Тэрбээр "Нийт сэтгүүлчдээсээ уучлал хүсье.
Цагдаагийн алба хаагчийн гаргасан хууль бус үйлдлийн өмнөөс сэтгүүл зүйн салбарт ажиллаж буй нийт сэтгүүлчид, зураглаач та бүхнээсээ уучлал хүсэж байна.
Миний бие ардчилсан нийгмийн гол тулгуур болсон сэтгүүл зүй, хэвлэн нийтлэх эрхийг цаг ямагт хүндэтгэн ажиллаж ирсэн. Цаашид ч хүндэтгэн, хамгаалах болно.
Цагдаагийн алба, алба хаагч нь гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журмыг хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах үндсэн чиг үүргийг хэрэгжүүлэхдээ Монгол Улсын Үндсэн хууль болон бусад хуулийг чандлан сахиж ажиллах ёстой. Өөрөөр хэлбэл хүний эрх, эрх чөлөөг хүндэтгэн дээдэлж, хамгаалж, хүнлэг энэрэнгүй, ёс зүйтэй ажиллана гэсэн үг юм.
ХЗДХЯ болон Цагдаагийн байгууллагын удирдлагуудын зүгээс нийт цагдаагийн алба хаагчдын ёс зүй, мэргэжлийн харилцаа, хандлагыг хөгжүүлэх сургалт, судалгаа тасралтгүй зохион байгуулдаг. Энэ удаа ч мөн дээрх цогц арга хэмжээнүүдэд онцгой анхаарч ажиллах талаар холбогдох этгээдүүдэд үүрэг, чиглэл өгч байна.
Хүний эрхийг зөрчиж, сэтгүүлчидтэй зүй бус харьцсан, хууль бус үйлдэл гаргаж, өргөсөн тангаргаасаа няцсан алба хаагчид холбогдох хууль тогтоомжийн дагуу хариуцлага тооцох болно" гэсэн байна.