ЦАГ АГААР: Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар аадар бороо орно
Өнөөдрийн байдлаар Хэрлэн болон Орхон голын эх, Сэлэнгэ мөрний адгаар, Хангай нурууны арын Хануй, өврийн Зэгэстэй, Хэнтий нурууны баруун хажуугаас усжих Ерөө зэрэг голуудын усны түвшин өмнөх өдрийнхөөс 10-40 см нэмэгджээ.
Харин Ховд, Онон, Балж, Улз голууд үерийн түвшинг 5-30 см-ээр давсан байна.
Өнөө шөнө Төв аймгийн зүүн, Дундговийн зүүн хойд, Хэнтийн баруун хэсгээр, маргааш өдөр Хэнтийн хойд хэсэг, Дорнодын нутгаар ахиухан хэмжээний бороо орно. Маргааш /2022.06.11/ Хэрлэн гол Багануур дүүрэг болон Өндөрхаан сум орчимд, Онги гол Арвайхээр сум орчмоор, Ерөө гол Дулаанхаан тосгоноор усны түвшин 10-30 см нэмэгдэх төлөвтэй байна.
Мөн ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно. Иймээс хур борооны эрчимшил хэмжээнээс шалтгаалан гол мөрөн богино хугацаанд үерлэх, жижиг голууд болон хуурай сайраар уруйн үер буух нөхцөл бүрдэх тул дээр дурдсан голуудын сав дагуу суурьшиж, нутаглаж буй ард иргэдийг үерийн аюулаас болгоомжтой байхыг онцгойлон анхааруулж байна.
Өнгөрсөн хоногт баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд болон зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр 0.3-31.0 мм бороо, нойтон цас орсон байна. Үүнээс хамгийн их нь өнгөрсөн хоногт Өвөрхангайн Хархоринд 31.0 мм, Бүрдэд 28.0 мм, Архангайн Батцэнгэл, Өгийнуур, Хотонт, Булганы Рашаантад 18.0-19.0 мм, бусад нутгаар 0.1-15.0 мм хур тунадас оржээ.
Эх сурвалж: ЦУОШГ