ШУУРХАЙ: Хилийн цэргийн эрх бүхий албан тушаалтнууд “нүүрсний авлига“-ын хэрэгт холбогдсон нь баримтаар тогтоогджээ
ЭЦА-наас энэ сарын 9-нд буюу өчигдөр гүйцэтгэх ажиллагаа зохион байгуулсан талаар бид өмнө мэдээлсэн.
Эрүүгийн цагдаагийн алба, Авлигатай тэмцэх газар хамтран Хилийн цэрэг болон Гаалийн ерөнхий газрын эрх бүхий албан тушаалтнуудыг БНХАУ руу нүүрс тээвэрлэх үйл ажиллагаанд эрх мэдлээ урвуулан ашигласан хэрэгт холбогдуулан шалгаж эхэлсэн байна.
Тодруулбал, уг шалгалтын хүрээнд Гашуунсухайтын хилийн боомт дахь Хилийн цэрэг болон гаалийн нэр бүхий албан тушаалтнуудын орон байр, Нүүрс тээврийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг хэд хэдэн компанийн захирал, тэдгээрийн албан өрөө тасалгаанд нэгжлэг хийсэн бөгөөд тус шалгалтаар нэр бүхий албан тушаалтнууд нүүрсний авлигын хэрэгт холбогдсон нь баримтаар тогтоогдсон байна.
Мөн нүүрс тээврийн хэд хэдэн компанийн захирал, ажлын өрөөнөөс өрөөнөөс эх үүсвэр нь тодорхойгүй бэлэн мөнгө гарсан талаар эх сурвалж мэдээллээ.
Хилийн цэргийн болон Гаалийн байгууллагын албан тушаалтнууд хамтран нүүрс тээврийн томоохон ААН-үүдийг авлига өгөх, авах, татвар төлөхөөс зайлсхийх, мөнгө угаах зэрэг хэд хэдэн хэрэгт холбогдуулан шалгаж байгаа аж.
Мөн тэдгээрийн хооронд Нүүрсний экспортын үйл ажиллагааны чиглэлээр авлигын томоохон бүлэглэл, сүлжээ үүссэн байж болзошгүй хэмээн үзэж шалгалтын ажиллагааг эхлүүлээд байгаа юм байна.