Н.Түвшинбаяр талийгаачийн эмчилгээний зардалд 2.7 тэрбум төгрөг зарцуулжээ
Олимпийн аварга Н.Түвшинбаярт холбогдох шүүх хуралдаан өчигдөр өглөө 09:00 цагаас 20:00 цаг хүртэл үргэлжилж өнөөдөр өглөөний /2022.06.09/ 09:30 минут хүртэл завсарлага авсан. Хуралдаанаар Нэр бүхий 10 гэрч оролцохоос нэг гэрч эрүүл мэндийн шалтгаанаар хуралдаанд оролцоогүй. Үлдсэн 9 гэрчээс мэдүүлэг авсан, зарим гэрчийг нүүрэлдүүлэн шүүхийн хэлэлцүүлэгт оролцуулсан байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар хэрэгт холбогдох гэрчүүдийн мэдүүлэг хоорондоо ноцтой зөрсөн тохиолдолд ийнхүү нүүрэлдүүлж мэдүүлэг авдаг байна.
Тус шүүх хурал хоёр дах өдрөө 09:30 минутаас эхэллээ. Шүүх хуралдаанд Улсын яллагч, өмгөөлөгч дүгнэлтээ танилцуулж байна. Тодруулбал, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.24-т зааснаар улсын яллагч, өмгөөлөгч дүгнэлтээ танилцуулна.
Шүүх хуралдааныг Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж байна. Хуралдаанаар шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Данзанноров “хохирогчийн талд өмнө нь нөхөн төлсөн төлбөр дээр нэмж 363 сая төгрөг олгосон. Мөн Н.Түвшинбаярын гэр бүлийн шууд захиран зарцуулах эрхтэй хоёр үл хөдлөх хөрөнгийг хохирогчийн талд дахин нөхөн төлбөр болгон шилжүүлэн өгөхөө шүүхийн өмнө илэрхийлж байна” гэв.
Мөн шүүхийн явцад Н.Түвшинбаяр хохирогчийн эмчилгээний зардалд 2.7 тэрбум төгрөг төлсөн гэдгийг түүний өмгөөлөгч хэллээ.