Хохирогч талын хүсэлтээр Н.Түвшинбаярын шүүх хурлыг нээлттэй явуулж байна
Прокурорын байгууллагаас олимпын аварга Н.Түвшинбаярт холбогдох хэргийг шалгаж дуусаад, энэ оны гуравдугаар сарын 18-ны өдөр Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн.
Тус шүүхээс Н.Түвшинбаярт холбогдох эрүүгийн хэргийн гэм буруугийн шүүх хуралдааныг өнөөдөр /2022.06.08/ 09.00 цагт товлосон. Шүүх хурал үргэлжилж байна.
"Шүүх хуралдааны эхэнд шүүгдэгчийн талаас шүүх хурлыг хаалттай горимоор явуулах хүсэлт гаргасан. Харин хохирогч талаас нээлттэй явуулах хүсэлт гаргалаа. Шүүгч талуудын хүсэлттэй танилцаад шүүх хурлыг нээлттэй горимоор үргэлжлүүлж байна" гэж Шүүхийн ерөнхий зөвлөлөөс мэдээллээ.
Эргэн сануулахад, Н.Түвшинбаяр нь 2021 оны дөрөвдүгээр сарын 02-ны өдөр согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ хохирогч Э.Энхбатыг зодож, түүний биед хүнд гэмтэл учруулсан. Хохирогч удаан хугацаанд эмчилгээ хийлгэсэн ч 2021 оны арванхоёрдугаар сарын 24-ны өдөр таалал төгссөн.
Хан-Уул дүүргийн прокурорын газраас:
Н.Түвшинбаярыг согтуурсан үедээ Э.Энхбатыг тодорхойгүй шалтгаанаар зодож, тархинд нь хавсарсан, олон хүнд гэмтлүүд учруулан хүнийг онц харгис хэрцгийгээр алсан, бусдын эд хөрөнгийг устгаж, гэмтээсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн.