Н.Түвшинбаярт холбогдох хэргийн шүүх хурал өнөөдөр болно
Олимпын аварга Н.Түвшинбаярт холбогдох эрүүгийн хэргийн шүүх хурал өнөөдөр Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болно. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд Н.Түвшинбаярт холбогдох гэм буруугийн шүүх хуралдаан тавдугаар сарын 12-нд болсон боловч шүүх хуралдааныг даргалагч шүүгч Д.Доржсүрэнгээс татгалзан гарах хүсэлт гаргасан. Ингээд татгалзах хүсэлтийг шүүх бүрэлдэхүүн хэлэлцээд татгалзлыг хүлээн авч, Эрүүгийн хэргийн бүртгэл хяналтын нэгдсэн системээс хэргийг дахин хуваарилалтад оруулж, шүүх хуралдааныг жич товлохоор шийдвэрлэсэн билээ.
Түүнчлэн шүүх хуралдааныг хохирогч, шүүгдэгчдийн хүсэлтийг харгалзан, хаалттай явуулахаар болсон юм. Хурлыг Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж явуулахаар болжээ. Н.Түвшинбаярыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 101 дүгээр зүйлийн хоёр дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар “Хүнийг онц харгис хэрцгийгээр алсан“, мөн хуулийн 17.8 дугаар зүйлийн нэг дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан, гэмтээсэн” зүйл ангиар прокуророос яллах дүгнэлт үйлджээ.