ТЦА: Мотоцикл унахдаа хамгаалалтын малгай, бусад хэрэгслийг зүүж хэвшихийг ЗӨВЛӨЛӨӨ
Өнгөрсөн амралтын өдрүүдэд Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын төвд зам тээврийн ослын шинжтэй 390 дуудлага бүртгэгдэж, ослын улмаас 24 хүн гэмтжээ.
Мөн мотоциклийн ослын улмаас нэг хүний амь хохирсон харамсалтай мэдээлэл байна.
Хүн гэмтсэн ослыг тодруулбал,
- Явган зорчигч мөргөсөн осол дөрөв,
- Онхолдсон осол нэг,
- Мөргөлдсөн осол гурав,
- Хөдөлгөөн эхлэх үед гарсан осол нэг,
- Ослын үеэр автомашинд зорчигчоор явсан дөрөв,
- Мотоциклтой осол хоёр тус тус бүртгэгдсэн байна.
Ослын улмаас гэмтсэн хүмүүсийн дунд 6-15 насны гурван хүүхэд байжээ.
Мөн хугацаанд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 423 зөрчлийг хяналт шалгалтаар илрүүлсэн байна.
Мотоциклтой зам тээврийн осол, хэргийн гол шалтгаан нь хурд хэтрүүлж онхолдох, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ замын хөдөлгөөнд оролцох, бүрэн бус тээврийн хэрэгсэл унаж, ашиглах, үл хөдлөх зүйл мөргөх зэргээр үйлдэгдсэн бол хамгаалах малгай хэрэглээгүй улмаас толгойдоо гэмтэл авах, ууц нуруу, гар хөл нь хугарах зэргээр амь нас, эрүүл мэндээрээ хохирох тохиолдол буурахгүй байгаа гэдгийг Тээврийн цагдаагийн албанаас мэдээллээ.
Мөн зуны урин дулааны улирал ирж байгаатай холбоотойгоор мотоциклтой хөдөлгөөнд оролцох нь ихсэж байгаа тул хамгаалах малгай хамгаалалтын хэрэгслийг зүүж хэвшихийг зөвлөв.