БНХАУ-ын нэр бүхий хоёр иргэнийг шалгажээ
Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт мах, махан бүтээгдэхүүний үйлдвэрлэл, худалдааны чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг байгууллагад БНХАУ-ын нэр бүхий хоёр иргэн байрлаж байгаа мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдсан. Тиймээс Гадаадын иргэн, харьяатын газраас дээрх хоёр иргэнийг шалгажээ.
Шалгалтаар дээрх иргэдийн оршин суух зөвшөөрлийн хугацаа нь 2021 оны дөрөвдүгээр сарын 22, 2022 оны нэгдүгээр сарын 15-ны өдрүүдэд тус тус дуусаж, эх орондоо бүрмөсөн буцахаар хасалтаа хийлгэсэн. Гэвч цар тахлын улмаас улсын хилээр зорчигч тээврийн хөдөлгөөнийг түр хязгаарласан учир нутаг буцах боломжгүй нөхцөл байдалтай байгаа нь тогтоогджээ.
Мөн тухайн иргэд нь өөрийн орны Элчин сайдын яамандаа нутаг буцах хүсэлтээ удаа дараа илэрхийлсэн байна. Тиймээс Цар тахлаас урьдчилан сэргийлэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн дагуу ямарваа торгууль, шийтгэвэр ногдуулахгүйгээр, хил нээгдсэн үед эх оронд нь буцаах арга хэмжээ авах юм.
Дэлхийн олон улс Ковид-19 цар тахлын давагдашгүй хүчин зүйлийн улмаас эх орондоо буцах боломжгүй нөхцөл байдалд орсон гадаадын иргэдийн виз, оршин суух зөвшөөрлийн хугацааг сунгах зэргээр уян хатан зохицуулалт хийж буй. Манай улсын хувьд ч Ковид-19 цар тахлаас урьдчилан сэргийлэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль”-ийн 9 дүгээр зүйлийн 9.14 дэх хэсэгт зааснаар хорио цээр, хөдөлгөөний хязгаарлалтын дэглэм тогтоосны улмаас гадаадын иргэн, харьяалалгүй хүн хуульд заасан хугацаанд бүртгүүлээгүй, оршин суух зөвшөөрөл аваагүй, визийн болон оршин суух зөвшөөрлийн хугацааг сунгуулаагүй бол тус нөхцөл байдал арилах хүртэлх хугацаанд бүртгэл, хугацаа хэтрүүлсний төлбөр, торгуулиас чөлөөлнө гэж хуульчилсан.
Тус газар нь Монгол Улсад албан болон хувийн хэргээр оршиж сууж буй гадаадын иргэдийг бүртгэлийн нэгдсэн системээр хянахаас гадна төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус шалгалтыг тогтмол хийж, хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлэн ажиллаж байна гэж Гадаадын иргэн, харьяатын газраас мэдээллээ.