ЦАГ АГААР: Ирэх долоо хоногийн эхээр ихэнх нутгаар бороо орж, СЭРҮҮСНЭ
Өнөө шөнө, маргааш өдөр нутгийн зүүн хэсгээр ахиухан хэмжээний бороо орж, сэрүүснэ. Маргааш буюу энэ сарын 6-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 7-нд төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 8-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 9-нд нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.
Салхи ихэнх нутгаар секундэд 5-10 метр, 6, 7-нд нутгийн зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ.
Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Байдраг, Идэр, Эг, Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан, өдөртөө 11-16 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 13-18 градус, өдөртөө 26-31 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө 8-13 градус, өдөртөө 21-26 градус, бусад нутгаар шөнөдөө 3-8 градус, өдөртөө 16-21 градус дулаан байна. Ирэх долоо хоногийн Пүрэв гараг буюу энэ сарын 9-нөөс нутгийн баруун хэсгээр дулаарна гэж Цаг уур орчны хүрээлэнгээс мэдээллээ.