ЦЕГ: Долоо хоногийн ОНЦЛОХ ТОЙМ
Энэ долоо хоногт Цагдаа, дотоодын цэргийн байгууллагад болж өнгөрсөн ОНЦЛОХ үйл явдлыг тоймлон хүргэж байна.
МОНГОЛ ЦЭРЭГ ЭНХИЙГ ДЭМЖИХ АЖИЛЛАГААНД ОРОЛЦОЖ ЭХЭЛСНИЙ 20 ЖИЛИЙН ОЙД ЗОРИУЛСАН ЦЭРГИЙН ЁСЛОЛЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
Монгол цэрэг энхийг дэмжих ажиллагаанд оролцож эхэлсний 20 жилийн ойд зориулсан цэргийн ёслолын ажиллагаа Сүхбаатарын талбайд зохион байгуулагдлаа.
Энэхүү түүхт ойн баярын ёслолын ажиллагаанд Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүх, Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр, төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын удирдлага, гадаад орнуудаас Монгол улсад суугаа дипломат байгууллагын төлөөлөгчид, энхийг сахиулагч бэлтгэл генералууд, Монгол Улсаас олон улсын энхийг дэмжих ажиллагаанд оролцсон энхийг сахиулагчид оролцлоо.
БҮГД НАЙРАМДАХ ТУРК УЛСАД “ДИЖИТАЛ НОТЛОХ БАРИМТ ЦУГЛУУЛАХ” СЭДЭВТ СУРГАЛТАД АЛБА ХААГЧДЫГ ХАМРУУЛЛАА
Бүгд Найрамдах Турк Улсын цагдаагийн байгууллагын хамтын ажиллагааны хүрээнд Кибер /цахим/ гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр харилцан туршлага солилцох зорилгоор цагдаагийн байгууллагын 10 алба хаагчийг 2022 оны 05 дугаар сарын 23-наас 27-ны өдрүүдэд Бүгд Найрамдах Турк Улсын Анкара хотод мэргэшүүлэх сургалтад хамрууллаа.
Тус сургалтын нээлтийн арга хэмжээнд БНТУ-ын Цагдаагийн байгууллагын Кибер гэмт хэрэгтэй тэмцэх газрын дарга Эрдал Сетинкаяа, Дэд дарга Ибрахим Баран, "Tika" Олон Улсын байгууллагын төлөөлөгч Пинар нар оролцсон юм.
СУРАГЧДАД ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГЫН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ТАНИЛЦУУЛЛАА
Олон Улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан цагдаагийн байгууллагаас ерөнхий боловсролын 29 дүгээр дунд сургуулийн 9 дүгээр ангийн сурагчдад цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны онцлог, чиг үүргийг танилцуулах зорилгоор өртөөчилсөн аяллыг зохион байгууллаа.
Тус аяллаар цагдаагийн “Сүлд” чуулгын түүхэн болон виртуал музей, Мэдээлэл, шуурхай удирдлагын төвийн дуудлага мэдээлэл хүлээн авах үйл ажиллагаа, тусгай хэрэгцээт иргэд хэрхэн тусламж авах талаар болон цагдаагийн байгууллагаас хүүхдийн эрхийг хэрхэн хамгаалдаг тухай, өөрийгөө болон үе тэнгийн сурагчдаа хэрхэн гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр мэдээлэл өгч, үйл ажиллагаатай танилцууллаа.
ХҮҮХДИЙН ЭРХИЙГ ХАМГААЛАХ ӨДРИЙГ “ХҮҮХЭД ТАНЫГ ХАМГААЛЪЯ” УРИАН ДОР ТЭМДЭГЛЭН ХҮҮХЭД БАГАЧУУДАА БАЯРЛУУЛЛАА
Цагдаагийн байгууллагаас Олон Улсын Хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан цагдаа, дотоодын цэргийн байгууллагын үйл ажиллагааг иргэд, олон нийт, хүүхэд, багачуудад сурталчлах, үзэсгэлэн, урлаг, соёл, спортын уралдаан, тэмцээн, өдөрлөгийг багтаасан “ХҮҮХЭД ТАНЫГ ХАМГААЛЪЯ” арга хэмжээг энэ оны 06 дугаар сарын 01-ний өдөр Төв цэнгэлдэх хүрээлэнд амжилттай зохион байгууллаа.
Арга хэмжээнд ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар, ГХУСАЗЗ-ийн дарга Л.Нямгэрэл, ЦЕГ-ын дарга, дотоодын цэргийн командлагч, хошууч генерал Ж.Болд, ЦЕГ-ын Тэргүүн дэд дарга, цагдаагийн хурандаа Ц.Ням-Очир, Дэд дарга, цагдаагийн хурандаа О.Амарсанаа, Дэд бөгөөд НЦУГ-ын дарга, цагдаагийн хурандаа Р.Отгонжаргал, ЦЕГ-ын зөвлөлийн гишүүд, цагдаа, дотоод цэргийн анги, байгууллагын удирдлагууд, алба хаагчид болон хамтран ажилладаг байгууллагуудын төлөөллүүд, иргэд, хүүхэд багачууд оролцсон юм.
Энэ үеэр МУГЖ, дуучин Т.Ариунаа ая дуугаа өргөж, цагдаагийн “Сүлд” чуулгын уран бүтээлчид бүрэн хэмжээний тоглолтоо толилуулж, хүүхэд багачууд цагдаагийн автомашины үзэсгэлэн, гардан тулаан, албаны нохойн үзүүлбэр, агаарын буулт зэрэг олон сонирхолтой үзүүлбэрийг үзэж сонирхсоноос гадна урлаг, соёлын болон спортын олон хөгжөөнтэй уралдаан, тэмцээнүүдэд оролцож, цагдаа ах, эгч нартайгаа нэг өдрийг хөгжилтэй, сонирхолтой, хэзээ ч мартагдахааргүй дурсамж бүтээн өнгөрүүллээ. Түүнчлэн цагдаа, дотоодын цэргийн бүх алба, хэлтсүүд хүүхдүүдэд ажил мэргэжлээ сурталчлах хэсгүүдийг төв цэнгэлдэх хүрээлэнгийн гадна байршуулсан нь хүүхдүүдийн сонирхлыг татсан арга хэмжээ боллоо.
ДОТООДЫН ЦЭРГИЙН БАЙГУУЛЛАГЫН ЭНХИЙГ САХИУЛАГЧДЫН ЗҮГЭЭС “ОЮУНЛАГ ИРЭЭДҮЙН ТӨЛӨӨ” САЙН ҮЙЛСИЙН АЯНЫГ ӨРНҮҮЛЛЭЭ
Дотоодын цэргийн штабаас Монгол цэрэг Нэгдсэн Үндэстний байгууллагын Энхийг дэмжих ажиллагаанд оролцож эхэлсний 20 жилийн ойг тохиолдуулан Дотоодын цэргийн байгууллагын энхийг сахиулагчдын зүгээс “Оюунлаг ирээдүйн төлөө” сайн үйлсийн аяныг өрнүүлж Баянзүрх дүүргийн 30 дугаар хорооны иргэн “Д”-д дэмжлэг үзүүлэх зорилгоор 5 ханатай өргөө цагаан бэлэглэх ажлыг “Хангарьд Монгол нохой үржлийн газар”-тай хамтран зохион байгууллаа.
Энэхүү арга хэмжээг Монгол Улсад орчин цагийн Дотоодын цэрэг үүсэж хөгжсөний 100, Монгол цэрэг Нэгдсэн Үндэстний байгууллагын Энхийг дэмжих ажиллагаанд оролцож эхэлсний 20 жилийн ойг тохиолдуулан Дотоодын цэргийн анги, байгууллагын нийт 120 энхийг сахиулагчид өөрсдийн сайн дурын үндсэн дээр санаачлан хийж байгаагаараа онцлог юм.
“ХАМТАРСАН БАГ”-ИЙН ГИШҮҮДИЙГ ЧАДАВХЖУУЛАХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
Гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх чиглэлээр ажиллаж байгаа “Хамтарсан баг”-ийн гишүүдийг чадавхжуулах сургалтыг Сүхбаатар аймгийн Засаг даргын тамгын газар, тус аймаг дахь Цагдаагийн газар, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар хамтран "Хүүхдийн эсрэг хүчирхийлэл, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэхэд төрийн албан хаагчдын үүрэг, оролцоо, хариуцлага" сэдэвт сургалт, зөвлөгөөнийг зохион байгууллаа.
Сургалт, зөвлөгөөнд тус аймгийн 22 хамтарсан багийн 140 гишүүн, цагдаагийн газрын хэсгийн байцаагч нар, Гэр бүл, хүүхэд, залуучуудын газрын мэргэжилтнүүд, түр хамгаалах байрны нийгмийн ажилтнууд оролцлоо.