Э.Содномпилжээ тэргүүтэй тамирчид САУЭШТ-д эмчилгээний зориулалттай ОР ХАНДИВЛАЛАА
Биеийн тамир, спортын улсын хорооны харьяа Спортын анагаах ухаан, эрдэм шинжилгээний төвд өнөөдөр спортын эмчилгээний зориулалттай хоёр ор хандивлалаа. Уг ор нь Япон улсад үйлдвэрлэгдсэн өдрийн эмчилгээний бүрэн автомат тоног төхөөрөмж бөгөөд дээрх эмчилгээний хоёр орыг паралимпын наадмын алт, хүрэл медальт, ДАШТ-ий гурван удаагийн аварга, хошой мөнгөн медальт, дэлхийн дээд амжилтыг эзэмшигч, Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Энхбаярын Содномпилжээ Спортын анагаах ухаан, эрдэм шинжилгээний төвийн дарга Б.Эрдэнэваанчигт гардуулан өглөө.
Эмчилгээний ор хандивлах үйлсэд Э.Содномпилжээгээс гадна Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Д.Сумъяа, С.Батцэцэг, М.Уранцэцэг нар хандив өргөсөн байна.
“Парис-2024” зуны олимпын наадмын өмнө энэхүү тоног төхөөрөмжийг хандивласан нь шигшээ багийн тамирчдад зүй ёсны дэмжлэг болох юм.