ПРОКУРОР: Нийтэд тустай ажил хийж буй иргэд байгууллагын зам, талбайг цэвэрлэх байдлаар ажиллаж байгаа нь ялын зорилгод НИЙЦЭХГҮЙ байна
Баянзүрх дүүргийн прокурорын газраас Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас зохион байгуулсан “Нийтэд тустай ажил хийлгэх ялын эрх зүйн орчинг боловсронгуй болгох нь” сэдэвт хэлэлцүүлэгт оролцож, “Нийтэд тустай ажил хийлгэх ял эдлүүлэх ажиллагаанд учирч буй хүндрэл, бэрхшээл, цаашид анхаарах асуудал” сэдвээр мэдээлэл хийжээ.
Хэлэлцүүлэгт Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын хорихоос өөр төрлийн ял, албадлагын арга хэмжээний хэрэгжилт хариуцсан алба хаагчид, шүүхийн шийдвэр гүйцэтгэл сургалтын төвийн эрдэмтэн судлаачид, Дотоод хэргийн их сургуулийн багш, судлаачид зэрэг 80 орчим хүн оролцсон байна.
Дүүргийн прокурорын газраас 2022 оны нэгдүгээр улиралын байдлаар нийтэд тустай ажил хийж буй иргэдийн ажил эрхлэлтийн байдалд судалгаа хийхэд нийтэд тустай ажил хийж буй иргэд тухайн байгууллагын нийтийн эзэмшлийн зам, талбайг цэвэрлэх байдлаар ажиллаж байгаа нь ялын зорилго, агуулгад нийцэхгүй байгаа талаар мэдээлэл хийж, иргэдийн санал, мэргэжил, ур чадварын байдлыг харгалзан, нийтэд тустай ажлын төрлийг оновчтой сонгож ажиллахыг онцолсон байна.
Хэлэлцүүлгийн үеэр ажил олгогч байгууллагын төлөөлөл “Олон Улсын Худалдаа, тээвэр логистикийн төв” Нийслэлийн өмчит хувьцаат компанид хүлэмжийн аж ахуй эрхлэх, мод үржүүлгийн ажилд нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн ялтныг сургаж, дадлагажуулан ажиллуулахаар харилцан тохиролцсон нь энэ төрлийн ялын чанар, үр нөлөөг дээшлүүлэх ач холбогдолтой шийдвэр болжээ.