ФОТО: Их хотыг “сэрээсэн” ХҮҮХДИЙН БАЯР
Цар тахал дэгдсэнтэй холбоотойгоор бид олон баяр, тэмдэглэлт өдрүүдийг даруухан угтсан. Харин энэ жилийн Хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг өргөн дэлгэр тэмдэглэж байна.
Бяцхан үрсийн инээд цангинаж, хот тэр аяараа хөл хөдөлгөөнтэй болжээ. Гоёлоо өмсөж, тоглоомоо барьсан бяцхан үрс баяр хөөртэйгөөр алхах нь өхөөрдөм харагдана.
Цагдаагийн байгууллагаас олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөрт зориулан “ХҮҮХЭД ТАНЫГ ХАМГААЛЬЯ” уриан дор тэмдэглэн, цагдаа, дотоодын цэргийн байгууллагын үйл ажиллагааг хүүхэд, багачуудад таниулах, сурталчлах ажлын хүрээнд “ХҮҮХЭД ТАНЫГ ХАМГААЛЪЯ” нэгдсэн арга хэмжээг өнөөдөр Төв цэнгэлдэх хүрээлэнд зохион байгууллаа.
Энэ үеэр хүүхэд багачуудад цагдаагийн автомашины үзэсгэлэн, гардан тулаан, албаны нохойн үзүүлбэр, агаарын буулт зэрэг олон сонирхолтой үзүүлбэрийг үзэж сонирхохоос гадна урлаг, соёлын болон спортын олон хөгжөөнтэй уралдаан, тэмцээнүүдэд оролцож, цагдаа ах, эгч нартайгаа нэг өдрийг хөгжилтэй, сонирхолтой, хэзээ ч мартагдахааргүй дурсамж бүтээн өнгөрүүллээ.
Ингээд Төв цэнгэлдэх хүрээлэн зэрэг хүний хөлд дарагдсан, баяр хөөр бялхаж буй цэгүүдээс бэлтгэсэн фото сурвалжилгыг хүргэж байна.