Д.Тогтохсүрэн: Үндэсний баяр наадмын тухай хуулийг наадмаас өмнө батална
УИХ дахь Монгол Ардын намын бүлгийн ээлжит хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар мэдээлэл хийлээ.
Тус бүлгийн дарга Д.Тогтохсүрэн: Хурлаар нэг асуудал хэлэлцсэн. УИХ-ын хаврын чуулган долдугаар сард завсарлана. Түүнээс өмнө хэлэлцэх шийдвэрлэх шаардлагатай хуулийн төслүүдийн талаар тодорхой шийдэлд хүрсэн.
УИХ чуулганы хугацаанд 75 хоног хуралдах ёстой. Долдугаар сарын 1-н гэхэд энэ хоног нь гүйцнэ. Бид долдугаар сарын 8-н хүртэл хуралдах болов уу гэж төлөвлөж байгаа.
Хэд хэдэн том хуулийн төслийг хэлэлцэх шийдвэрлэх шаардлагатай бий. Тухайлбал, Хууль зүйн байнгын хороон дээр Эрүүгийн хуулийн нэмэлт өөрчлөлт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Зөрчлийн хуулийн нэмэлт өөрчлөлт, Зөрчлийн хэрэг хянан шийдвэрлэх тухай зэрэг дөрвөн хуулийг хаврын чуулганы хугацаанд багтаан хэлэлцэнэ.
Мөн Үндэсний баяр наадмын тухай хуулийг наадмаас өмнө батална. Хоёр хуулийн төсөл байгаа. Нэгийг нь Засгийн газраас өргөн барьсан. Нөгөөг нь Х.Болорчулуун нарын гишүүд өргөн мэдүүлсэн. Эдгээр хуулийн төсөлд Ж.Мөнхбат гишүүнээс ахлуулсан ажлын хэсэг томилогдон ажиллаж байгаа. Цаад хугацаа зургадугаар сарын 20-н гэхэд батлах шаардлагатай.