Үндсэн хуулийн хэлэлцүүлэг 1991.12.03: Нэг үү, хоёр уу?
Монгол төрийн хэргийг 76 хүн 30 жилийн турш шийдэж ирлээ.
Учир нь Үндсэн хуулийн Гуравдугаар бүлгийн 20 дугаар зүйлд “...УИХ бол төрийн эрх барих дээд байгууллага мөн бөгөөд хууль тогтоох эрх мэдлийг гагцхүү УИХ-д хадгална” гэчихсэн. Улмаар уг хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-т “...УИХ нэг танхимтай, далан зургаан гишүүнтэй байна” гэж заасан.
Харин өнөөдөр УИХ хэдэн танхимтай байвал дээр вэ. УИХ хэчнээн гишүүнтэй байвал зохистой вэ. Ийм асуудал бодитойгоор яригдаад эхэллээ. Уг нь эдгээрийг өнөөдөр л ярьж байгаа юм биш аж. Тэртээх 1992 онд, 30 жилийн өмнө Үндсэн хуулийг батлахдаа АИХ-ын гишүүд олон талаас нь олон ч өдөр ярилцсан байх юм. АИХ-ын 12 дахь удаагийн сонгуулийн II хуралдааны 1991 оны арванхоёрдугаар сарын 3-ны өдрийн тэмдэглэлд ямар асуудал бичигдэж, протоколд депутатууд юу гэж хэлж байсан нь үлджээ.
Товъёогоор, тэр өдөр Үндсэн хуулийн төслийн “Монгол Улсын төрийн байгуулал” гэсэн Гуравдугаар бүлгийн 21 дүгээр зүйл дэх УИХ-ын гишүүнийг сонгох, төслийн төслийн “Монгол Улсын төрийн байгуулал” гэсэн Гуравдугаар бүлгийн 22 дугаар зүйл дэх УИХ-ын гишүүний бүрэн эрхийн тухай хэлэлцжээ.
1991 оны арванхоёрдугаар сарын 3-ны өдрийн хуралдаанд депутатуудын 81 хувь /343 депутат/ оролцсон байна. Хамгийн гол яригдсан асуудал нь УИХ-ын танхимын үйлү ажиллагаанд тогтоох хяналтын талаар буюу УИХ нэг танхимтай байх уу, хоёртой байх уу гэдэг дээр удтал маргалджээ.
Тэгж тэгж “УИХ нэг танхимтай байна” гэсэн томьёоллоор санал хураалгажээ. Ингэхэд депутатуудын 51 хувь зөвшөөрч, 41 хувь татгалзаж, найман хувь нь түдгэлзсэн байна.
Б.Чимид гуайн тухайд тэр өдрийн хуралдаанд УИХ-ын хоёр танхимын талаар “...Бид Үндсэн хуульдаа хоёр танхимтай гэж байгаа бол хоёр танхимынхаа асуудлыг зөвлөлийн таниим маягаар үзэж болох байна. Өөр маягийн танхим гаргаад ирвэл их л сайн хэрэг. Гэтэл өнөөдөр алга.
Өнөөдрийн гаднын санал бол нэг нэгнээсээ гоождог, өөрөөр хэлбэл бүрэн биш хагасдуу, хоёулаа хагас эрхтэй, ийм байна” гэжээ. Тэрбээр цааш нь “...Парламентыг тараадаг практик дэлхийн бүх оронд байна л даа. Парламентын өөрийнх нь хямрал, парламент Ерөнхийлөгч хоёрын хямрал, Засгийн газрын хямрал нь парламентаас их хэмжээгээр хамаарснаас параламент тарж байх шиг байна. Тэгэхдээ парламент бүхэлдээ тардаггүй. Жинхэнэ хуулиараа бол аль нэг танхимыг тараадаг практик байна. Манайх яагаад шууд тараачихаж болохгүй юм бэ гэхээр ганц танхимтай учраас тэр. Үндсэн хуулиар гурван эрх хэмжээг хатуу хуваарилчихсан.
Нэгийг нь тараагаад хаячихаар тэр эзэнгүй болно. Ингээд Үндсэн хууль зөрчигдөх нөхцөл бүрдэж байгаа хэрэг. Хоёр байгаад нэг нь, ялангуяа доод танхим нь тардаг болбол дээд танхим нь засгийн дээд эрх хууль тогтоох эрхийг нь хэрэгжүүлэх бололцоотой байгаа юм” гэж байжээ.
Мөн “...Нэг танхимтай, хоёр танхимтай гэдгийг би Үндсэн хуульд томьёолж чадахгүй юм шиг байна. Энэ нь нэг танхимтай, хоёр хурал биш. Нэг танхимтай гэдэг нь, танхим гэдэг нь хурлынхаа дотор, парламентынхаа дотор багтдаг ойлголт юм. Өөрөөр хэлбэл, хурлын дотор хоёр танхим байж болдог. Харин танхимын дотор хоёр парламент байж болохгүй” гэжээ.
Уг хуралдааны үдээс хойшх хуралдаан дээр дахин “УИХ нэг танхимтай байна” гэдгээр, мөн зарим депутатын саналаар “УИХ хоёр танхимтай байна” гэдгээр санал хурааж, депутатууд 51-53 хувьтайгаар дэмжжээ. Тэгэхэд УБХ-ын Нарийн бичгийн дарга Б.Чимид “...Ээдрээтэй зарим асуудал дээр тохиролцоод цаашаа явъя” гээд зарим асуудлаар санал хураалгажээ. Түүнд нь депутат С.Лхагвасүрэнгийн С.Лхагвсүрэн “...АН-ын депутатууд дотроос би ганцаараа хоёр танхимтай парламентын төлөө байгаа хүн. Чимид даргын өглөөний хэлдэг хувилбарыг хүлээж авах хувилбар байна гэж би ойлгож байна. Тэр нь зөвлөхийн танхимтай, нийтийн танхимтай гэсэн ийм хоёр хэлбэр.
Гэхдээ Ерөнхийлөгчийг хаана яаж багтаах вэ. Дээд шүүхийг тусад нь яаж байгуулах вэ гэдэг дээр бид ярилцвал яасан юм бэ. Ийм саналтай байна” гэжээ. Түүний гаргаснаар “...Парламент дотроо их, бага хуралтай байна” гэсэн санал хураажээ.
Тэгэхэд депутатуудын 61 хувь зөвшөөрч, 39 хувь татгалзаад, таван хувь түдгэлзсэн байна. Гэхдээ үүн дээр хуульчдаас бүрдсэн ажлын хэсэг байгуулах саналыг зарим депутат гаргав. Дараа нь Б.Чимид “...Хоёр танхимын асуудлаар би өглөө нэг асуудал ярьсан. Тэрийг сайн ойлгохгүй шиг болно лээ. УИХ хоёр танхимаас бүрэлдэх юм бол нийтийн танхим, төлөөлөгчдийн танхим гэсэн хоёр танхимтай байж болж байгаа юм.
Нийтийн танхимд нь улс орны хэмжээнд нэлээн туршлагатай, улс төрийн зүтгэлтнүүд, өөрөөр хэлбэл, нэг хазайлгачихгүй байх гэж бодсон улсууд, гол нь гол шаардлага тэр. Ер нь бусад улсын жишээ дээрээс харахад Гадаад яамны сайд байсан ч юм уу, намын зүтгэлтэн байсан ч юм уу, ординарный профессор гэдэг юм уу, тийм хүмүүс орж байгаа юм. За, нэг ийм танхим байж болох юм.
Нийтийн танхим гэдэг бол одоо бидний яриад байгаа хууль тогтоох гол газар нь, бүх хууль энүүгээр орж гарна. Парламентын бүх асуудал энүүгээр орно. Нөгөө танхимдаа орно. Нөгөө танхимдаа орсны дараагаар нөгөө танхимын санал зөрвөл эргэж ирүүлнэ. Дахиж хэлэлцэнэ. Тэгээд хоёр танхим зөрвөл дундаасаа кохицуулах комисс гаргаж шийднэ. Ер нь технологи нь ийм. Тэгэхээр харилцан хяналттай болж байна” хэмээж байжээ. Хоёр танхимын талаар бусад депутатууд ч байр сууриа цөөнгүй илэрхийлсэн байдаг байна.
Б.Гарьд
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин