Монгол Улсыг үхрийн цээж (cbpp) өвчингүй болохыг БАТАЛГААЖУУЛЛАА
Дэлхийн мал, амьтны эрүүл мэндийн байгууллага /OIE/-ын 89 дүгээр хуралдаан цахим хэлбэрээр 4 дэх өдрөө үргэлжилж байна. Уг хуралдаанаар Монгол Улсыг Үхрийн цээж өвчин (CBPP)-р эрүүл, үүсгэгчийн халдвараас ангид статустай улс болохыг баталгаажуулав.
Монгол Улсыг үхрийн цээж өвчнөөс эрүүл улсаар баталгаажуулах хүсэлт, холбогдох баримт, материалыг 2007, 2010 онуудад тус тус ДМАЭМБ-д хүргүүлж байсан боловч дараах шалтгаануудын улмаас татгалзаж байсан байна. Үүнд:
- Мал эмнэлгийн тогтолцоо, хууль эрх зүйн орчин ойлгомжгүй, тодорхой бус
- Монгол улсад гарч байсан Үхрийн цээж өвчний түүх, архивын баримт тодорхой бус
- Үхрийн цээж өвчний тандалт тогтолцоог хэрэгжүүлээгүй.
- Үхрийн цээж өвчнийг оношлох лабораторийн шинжилгээ хийгддэг хэдий ч эерэг урвалтайг баталгаажуулах шинжилгээнд хамруулаагүй.
- Мал төхөөрөх газруудад төхөөрөхийн өмнөх болон дараах үзлэг тогтмол хийгддэг эсэх нь тодорхойгүй, мал төхөөрөх газруудаас үхрийн цээжийн сэжигтэй сорьцийн дамжуулалт, түүнд лабораторийн шинжилгээ хийгддэг эсэх нь тодорхойгүй
Манай улсад 2018 онд Мал, амьтны эрүүл мэндийн тухай хууль мөрдөгдөж, Мал эмнэлгийн ерөнхий газрыг байгуулснаар баталгажуулахыг дахин эхлүүлэхээр шийдвэрлэж, ажлын хэсэг байгуулан, Монгол улсыг Үхрийн цээж өвчнөөр эрүүл, үүсгэгчийн халдвараас ангид улс болохыг баталгаажуулах тандалт, шинжилгээ (ийлдэс болон нян судлал, молекул биологийн шинжилгээ)-ний ажлыг Мал эмнэлгийн ерөнхий газрын захиалгаар Мал эмнэлгийн хүрээлэнд хэрэгжүүлэн эрүүл статусыг баталгаажуулах өргөдөл, холбогдох тайлан, баримтыг 2021 оны 8 дугаар сард ДМАЭМБ-д хүргүүлсэн.
Тандарт, шинжилгээний ажлыг 21 аймаг, нийслэлийн Мал эмнэлгийн газар болон сум, дүүргийн Мал эмнэлгийн тасаг, үйлчилгээний нэгжийн оролцоотойгоор 3 жилийн хугацаанд гүйцэтгэн, шинжилгээгээр эерэг гарсан ийлдэс, илрүүлсэн микоплазм төст өсгөвөрийн сорьцийг Үхрийн цээж өвчний олон улсын лавлах лабораторид (CIRAD, FRANCE)-д илгээн холбогдох шинжилгээг хийлгэхэд энэхүү өвчний хамааралгүй болохыг баталгаажуулсан хариуг ирүүлсэн.
Үхрийн цээж өвчин нь ДМАЭМБ-аас зарласан олон улсын худалдааны хорио цээрт 6 өвчний нэг бөгөөд үхрийн цээжний хөндийн гялтан үрэвсэж, уушгинд үхжил үүсэх шинж тэмдгээр илэрдэг, хавьтал халдварт өвчин юм.