СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Согтуудаа хүүхдүүдэд машин өгч явуулснаас хүний амь хохирчээ
Энэ оны тавдугаар сарын 24-ний 03 цагийн үед Хан-Уул дүүрэг Яармаг орчимд төв зам дээр баруунаас зүүн тийш чиглэлтэй явж байсан ачааны автомашин явган зорчигч 40-45 орчим насны хэн болох тодорхойгүй эрэгтэйг дайрч амь насыг хохироосон гэх дуудлага мэдээлэл бүртгэгдсэн байна.
Цагдаагийн байгууллагаас тухайн ослын газрын үзлэгийг хийн, шалгалтын ажиллагаа явуулах хугацаанд амь хохирогчийг бараан өнгийн суудлын машин мөргөж хэргийн газрыг орхиж явсан нөхцөл байдал тогтоогдож, улмаар эрэн сурвалжлах ажиллагааг шуурхай зохион байгуулжээ.
Улиаар тухайн тээврийн хэрэгслийг олж тогтооход иргэн Э нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ танил насанд хүрээгүй хүүхдүүдэд тээврийн хэрэгслээ өгч явуулснаар уг хүүхдүүд машиныг унаж явж байхдаа зам хөндлөн гарч явсан иргэнийг мөргөж ослын газрыг санаатай орхиж явсан болох нь урьдчилсан байдлаар тогтоогдсон байна.
Дээрх зам тээврийн ослын шалгалтын үйл ажиллагаа явагдаж байгаа бөгөөд хохирогч эрэгтэйг хэн болох, гэр бүл, садан төрлийг тогтоохоор ажиллаж байгаа тул гэр бүл, төрөл садан дотроос алга болсон, ойрын болон удаан хугацаанд хайж байгаа хүн байвал Тээврийн цагдаагийн албаны Эрүүгийн цагдаагийн хэлтэст хандахыг хүсчээ.
Цагдаагийн байгууллагаас жолооч, эцэг эхчүүдэд насанд хүрээгүй хүнд жолоо шилжүүлэхгүй байх, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байхад анхаарч өөрсдийн болон бусдын аюулгүй байдлыг хангаж, замын хөдөлгөөний дүрмийг баримтлан хөдөлгөөнд оролцохыг анхааруулсан байна.