Ирэх сарын цаг агаарын УРЬДЧИЛСАН МЭДЭЭ

2022 оны 5 сарын 26

Arslan.mn

Дэлхийн цаг уурын байгууллагаас тогтоосноор олон жилийн дундаж (ОЖД) утга гэдэг нь 1991–2020 оны хоорондох тухайн цаг уурын хэмжигдэхүүний дундаж утгыг авч үздэг. Сарын цаг агаарын урьдчилсан мэдээнд сарын дундаж агаарын температур, нийлбэр хур тунадасны хэмжээг дараах дөрвөн бүс нутгаар тус бүрээр урьдчилан мэдээлнэ.

  • Баруун (Баян-Өлгий, Ховд, Увс, Завхан, Говь-Алтай, Баянхонгор)
  • Төв (Архангай, Өвөрхангай, Хөвсгөл, Булган, Сэлэнгэ, Төв, Орхон, Дархан-Уул)
  • Зүүн (Хэнтий, Дорнод, Сүхбаатар)
  • Говь (Дундговь, Өмнөговь, Дорноговь, Говь-Сүмбэр)

Цаг агаарын үзэгдэл нутгийн 30 хувиас хэтрэхгүйгээр зурвас газраар ажиглагдах тохиолдолд "зарим газраар", 30-70 хувьд "ихэнх нутгаар", 70 хувиас дээш нутгийг хамрах тохиолдолд "бүх нутгаар" гэсэн нэр томьёо хэрэглэдэг. Дулааны улиралд агаарт болон хөрсний гадарга дээр температур 0°-аас бага болж хүйтрэхийг "цочир хүйтрэл" гэнэ.

Сар, улирлын урьдчилсан мэдээний талаар лавлах бол Ус, цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэнгийн  11-326606 утсаар холбогдох болон "Ус, цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэнгийн  “Орчил урсгал, урт хугацааны прогнозын судалгааны хэлтэс" -ээс тодруулах боломжтой.

ЗУРГААДУГААР САРД АЖИГЛАГДСАН ХУР ТУНАДАСТАЙ ӨДРИЙН ТОО

Зураг 1–д 51 станцын 1981–2020 оны 6 дугаар сард ажиглагдсан хур тунадастай өдрийн тооны давтагдлын орон зайн тархалт (а) болон олон жилийн явцыг (б) дөрвөн бүс нутгаар үзүүлэв. Тархалтын зургаас (Зураг 1а) харахад ОЖД–аар Алтайн салбар уулс, Арц богдын өвөр хоолой болон говь талын нутгаар 4–10 өдөр, Их нууруудын хотгор болон Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг бүс нутгаар харьцангуй их буюу 8–16 өдөр, бусад нутгаар 7–12 өдөр ажиглагдсан байна. Хур тунадастай өдрийн олон жилийн явцыг 4 бүс нутгаар харахад 1981–2020 оны хооронд өөрчлөлт харьцангуй бага байхад харин сүүлийн 20 (2001–2020) жилд бүх бүс нутгаар ялимгүй өссөн ялангуяа баруун болон говийн бүс нутгаар нэмэгдсэн хандлага ажиглагдсан байна.

УУР АМЬСГАЛЫН ТОЙМ

Зургаадугаар сарын агаарын темперaтурын ОЖД нь Баян–Өлгий, Завхан, Хөвсгөлийн ихэнх нутаг, Баянхонгорын хойд, Архангайн баруун, Төв аймгийн зүүн хойд хэсгээр 2–12°С, Ховд, Говь–Алтай, Баянхонгор, Өвөрхангай, Дундговийн өмнөд хэсэг, Дорноговь, Өмнөговийн нутгаар 20–24°С, бусaд нутгaaр 13–19°С дулаан бaйдаг.

ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН МЭДЭЭ

Баруун аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур Увсын ихэнх нутаг, Завханы хойд хэсгээр ОЖД–аас дулаан, бусад нутгаар дунджийн орчим (Зураг 6), хур тунадас Увсын ихэнх нутаг, Завханы баруун хойд хагас, Ховдын хойд болон өмнөд, Говь–Алтайн баруун хойд болон өмнөд хэсгээр ОЖД–аас бага, бусад нутгаар ОЖД–ийн орчим байна (Зураг 7).

Агаарын температур, хур тунадасны явцыг (Зураг 8)–д харуулав. Агаарын температур нэг болон гуравдугаар арав хоногийн дунд үеэр ОЖД–аас 1–2°С–аар дулаан байх бол хоёрдугаар арав хоногийн эхэн болон сүүлчээр ОЖД–аас 1–2°С–аар хүйтэн байх төлөвтэй байна.

Нэгдүгээр арав хоногийн эхэн болон сүүлч, хоёр болон гуравдугаар арав хоногийн дунд үеэр ихэнх нутгаар бороо, зарим газраар дуу цахилгаантай түр зуурын бороо орно. Салхи ихэнх хугацаанд 5–10 м/с, хугацааны эхэн болон дунд үеэр зарим газраар 12–14 м/с, зарим үед түр зуур 18–20 м/с хүрч ширүүсч болзошгүй.

Төвийн аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур Хөвсгөлийн баруун хойд хагас болон Сэлэнгэ, Төв аймгийн нутгаар ОЖД–аас дулаан, бусад нутгаар дунджийн орчим байна (Зураг 6), хур тунадас Булган, Сэлэнгэ, Төвийн нутаг, Өвөрхангайн зүүн хойд хэсгээр ОЖД–аас ахиу, бусад нутгаар дунджийн орчим байна (Зураг 7).

Агаарын температур, хур тунадасны явцыг (Зураг 9)–д харуулав. Агаарын температур нэгдүгээр арав хоногийн сүүлч, хоёр болон гуравдугаар арав хоногийн дунд үеэр ОЖД–аас 1–2°С–аар дулаан байх бол нэг болон хоёрдугаар арав хоногийн эхэн, гуравдугаар арав хоногийн сүүлчээр ихэнх нутгаар ОЖД–аас 1–2°С–аар хүйтэн байна.

Хоёрдугаар арав хоногийн эхэн болон сүүлч, гуравдугаар арав хоногийн сүүлийн хагаст ихэнх нутгаар бороо, зарим газраар дуу цахилгаантай түр зуурын бороо орох магадлалтай байна. Салхи ихэнх хугацаанд 5–10 м/с, хугацааны эхэн болон дунд үеэр зарим газраар 12–14 м/с, зарим үед түр зуур 18–20 м/с хүрч ширүүсч болзошгүй.

Зүүн аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур Хэнтий, Дорнодын нутгаар ОЖД–аас дулаан, бусад нутгаар дунджийн орчим байна (Зураг 6),  хур тунадас Дорнодын нутгаар ОЖД–аас бага, бусад нутгаар дунджийн орчим байна (Зураг 7).

Агаарын температур, хур тунадасны явцыг (Зураг 10)–д харуулав. Агаарын температур хоёрдугаар арав хоногийн эхэн болон сүүлчээр ихэнх нутгаар ОЖД–аас 1–2°С–аар дулаан байх бол нэгдүгээр арав хоногийн эхэн, гуравдугаар арав хоногийн сүүлчээр ОЖД–аас 1–2°С–аар хүйтэн байх төлөвтэй байна.

Нэгдүгээр арав хоногийн дунд үе, хоёрдугаар арав хоногийн эхэн, гуравдугаар арав хоногийн сүүлчээр бороо, зарим газраар дуу цахилгаантай түр зуурын бороо орно. Салхи ихэнх хугацаанд 5–10 м/с, хугацааны эхэн болон дунд үеэр зарим газраар 12–14 м/с, зарим үед түр зуур 18–20 м/с хүрч ширүүсч болзошгүй.

Говийн аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур нийт нутгаар ОЖД–ийн орчим (Зураг 6),  хур тунадас Дундговийн хойд хэсгээр ОЖД–аас ахиу, бусад нутгаар дунджийн орчим байна (Зураг 7).

Агаарын температур, хур тунадасны явцыг (Зураг 11)–д харуулав. Агаарын температур нэг болон хоёрдугаар арав хоногийн сүүлчээр ихэнх нутгаар ОЖД–аас 1–2°С–аар дулаан байх бол нэгдүгээр арав хоногийн эхэн, хоёрдугаар арав хоногийн дунд үе, гуравдугаар арав хоногийн эхэн болон сүүлчээр ОЖД–аас 1–2°С–аар хүйтэн байх төлөвтэй байна.

Хоёрдугаар арав хоногийн дунд үе, гуравдугаар арав хоногийн эхэн болон сүүлчээр бороо, зарим газраар дуу цахилгаантай түр зуурын бороо орно. Салхи ихэнх хугацаанд 5–10 м/с, хугацааны эхэн болон дунд үеэр зарим газраар 12–14 м/с, зарим үед түр зуур 18–20 м/с хүрч ширүүсч болзошгүй.

ЗӨВЛӨМЖ

6 дугаар сард  баруун аймгуудын нутгаар хур тунадас багатай, дулаахан байх боловч төвийн нутгийн хойд хэсэг болон зүүн зүгийн нутгийн баруун хэсгээр агаарын температур ОЖД–аас дулаан, хур тунадас ахиу орох төлөвтэй байгаатай холбоотой гэнэтийн аадар бороо орох магадлал өндөр байгаа тул дээрх бүс нутагт үер усны аюулаас сэрэмжтэй байж, тухайн үеийн цаг агаарын мэдээг цаг тухайд нь авч ашиглахыг зөвлөж байна гэж ЦУОШГ-аас мэдээлэв.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
9
haha an post
wow an post
1
yay an post
sad an post
ouch an post
2
confuse an post
angry an post
1
637352
20 эможи

Отгонжаргал
2022-05-30 12:41
Хүмүүст ойлгомжтой бөгөөд сэрэмжтэй мэдээлэл байна,ингэж мэдээгээ гаргаж байвал тодорхой бөгөөд ойлгомжтой юм байна таалагдлаа
Отгонаргал
2022-05-30 12:34
Тодорхой мэдээлэл байна ингэж мэдээгээ гаргаж байвал хүмүүст хүртээмжтэй юм байна таалагдав
Зочин
2022-05-30 12:31
Тодорхой мэдээлэл байна таалагдав
Зочин
2022-05-27 23:17
Баяраллаа
С Хүрэлтогоо
2022-05-27 19:10
Баярлалаа
keyboard_arrow_up