Э.Бат-Үүл: Путины ташуурыг сөрж зогсохоор хамгаалалтын малгайтай ирлээ
Нийслэлийн АН-аас "Үг хэлэх үзэл бодлоо илэрхийлэх "Амаа нээх" эрх чөлөөг олго! Дарангуйлагчид огцор!" эсэргүүцлийн цуглааныг өнөөдөр /2022.05.25/ Хэлмэгдэгсдийн хөшөөний өмнө зохион байгуулж байна.
Энэ үеэр Нийслэлийн АН-ын дарга Э.Бат-Үүл "Өнөөдөр би бэлтгэлтэй ирсэн. Путины ташуурыг сөрж зогсохын тулд каск буюу хамгаалалтын малгай өмсөж ирсэн. Путины гар хөл болсон хүмүүс дараагийн удаа намайг ташуурдана гэсэн. Би бэлтгэлтэй ирсэн" гэлээ.
АН-аас энэ сарын 11-нд ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатарт шаардлага хүргүүлсэн бөгөөд тус шаардлагын хариуг өнөөдөр буюу лхагва гарагт авахаар ийнхүү жагсаж буй юм.
Тус шаардлагад "Монгол Улсад сүүлийн зургаа жил хүний эрхийн зөрчил онцгой ихэслээ. Үндсэн хуулийн 16 дугаар зүйлд "хүний эрх, эрх чөлөөг төр хамгаалах"-аар хуульчилсан байдаг. Энэ эрхээ эдэлсэн залуусыг айлган сүрдүүлэх зорилготой хойд хөршийн туршлага Монголын хуулийн байгууллагад нэвтэрчээ. Хамгийн сүүлийн жишээ, 2022 оны дөрөвдүгээр сард болсон "Ажлаа хий" тайван жагсаал, цуглааныг цагдаагийн байгууллагаас хүч хэрэглэн зохион байгуулалттайгаар тарааж, 60 гаруй залуусыг баривчлан саатуулсан.
Мөн дайныг эсэргүүцсэн иргэдийг цагдаагийн байгууллагаас удаа дараа дуудан шалгаж, байцааж байна. Иргэд эрх чөлөөгөө хамгаалж гомдол гарган цагдаа, прокурорын байгууллагад ханддаг ч биднийг үл тоомсорлож байна.
Иймд нийслэлийн АН "Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлын эсрэг чиглэсэн" энэхүү "тусгай" ажиллагааг эсэргүүцэж "иргэдээ хамгаалсан" улс төрийн тэмцлээ эхлүүлснээ мэдэгдэж байна.
Монгол Улсын иргэдийн эсрэг ажиллагаа явуулсан хууль, хүчний удирдлагуудыг солих цаг иржээ. Үүнд, ЦЕГ-ын дарга Ж.Болд, Нийслэлийн цагдаагийн удирдах газрын дарга Р.Отгонжаргал, Нийслэлийн прокурорын газрын дарга Ц.Ариунболд, Сүхбаатар дүүргийн цагдаагийн газрын дарга Ч.Чинбат нарыг нэн даруй огцруулахыг ХЗДХ-ийн сайд болон Ерөнхий прокуророос шаардаж байна" гэжээ.