ХӨНДӨХ СЭДЭВ: “Амиа хорлолтыг сенсацитай мэдээлэх тусам сэдэл төрүүлдэг нь судалгаагаар батлагдсан”
Сүүлийн үед иргэд амиа хорлож, цаг бусаар хорвоог орхих явдал их боллоо. Монгол Улсад сүүлийн таван жилийн хугацаанд 2243 хүн амиа хорлосон гэсэн тоон мэдээлэл бий. Монгол Улс амиа хорлолтоороо дэлхийд нэгдүгээр байрт ордог байсан бол Ковидын улмаас 17-т орж байгаа аж.
Амиа хорлолт, хүчирхийлэл зэрэг эмзэг асуудлыг сурвалжлахдаа хамгийн түрүүнд авч үзэх ёстой асуудал нь бид юуны төлөө үүнийг мэдээлж байна вэ. Хэрвээ хандалт авахын төлөө л ийм асуудлыг мэдээлэх гэж байгаа бол ёс зүй, хүний эрх, сэтгүүл зүйн үүрэг, зорилгын талаар маш сайн бодох хэрэгтэй. Хүний амьдралын үхэл хагацал, зовлон зүдгүүртэй холбогдож болох асуудлыг хандалт авах зорилгоор мэдээлнэ гэдэг нь тэнд мэргэжлийн ёс зүй байхгүй, эсвэл энэ талаар огт мэдэхгүй байна гэсэн үг.
Хэрвээ олон нийтийн мэдээллийн хэрэгслүүд амиа хорлолт, хүчирхийллийг зөвхөн мэдээлэх зорилгоор мэдээлээд л өнгөрдөг, сенсацлаад л орхидог явдал газар авбал маш аюултай. Олон улсад хийгдсэн томоохон судалгаануудыг харахад ийм эмзэг асуудлыг зөвхөн мэдээлээд л өнгөрснөөр нийгэмд дараах байдлаар сөргөөр нөлөөлдөг.
Нэгдүгэрт, олон нийт үүнийг хэвийн буюу байдаг л зүйл юм байна гэж харж эхэлдэг. Энэ нь хүчирхийлэгчдэд өөрийгөө зөвтгөх хандлагыг бий болгож байдаг.
Хоёрдугаарт, хохирогчдыг мэдээллээр давхар хохироож байгаа учраас тэд хохирсон гэдгээ зарлахаас эмээх шалтгаан болдог. Хүчирхийлэлд өртсөн, амиа хорлох гээд бүтэлгүйтсэн хүний нэр усыг зарлах, нэр усыг нууцаллаа ч түүнийг таньж болох дүрсийг харуулах, гэрийн хаяг, хэрэг гарсан газар зэрэг бусад шинж тэмгүүдийг нь мэдээлээд байдаг алдаа хэвлэл мэдээллийн салбарт түгээмэл бий. Мөн хохирогчийн хувийн амьдралын талаар маш их бичдэг, тэрэнтэйгээ тийм нөхцөлд амьдардаг байсан, өмнө нь цагдаад тийм хэрэг бүртгэгдэж байсан гэх мэтчилэн хохирогч дээр л анхаарсан өнцгөөс мэдээлээд байгаа нь тэднийг давхар хохироогоод байдаг.
Гуравдугаарт, амиа хорлолтыг сенсацитай мэдээлэх тусам сэдэл төрүүлдэг үзэгдэл нэмэгддэг нь судалгаануудаар батлагдсан байдаг. Тухайлбал, Японд 1987-2005 оны хооронд амиа хорлосон дата, кэйсүүдийг шинжилсэн судалгаагаар амиа хорлосон эсвэл хорлох гэж оролдсон тухай олон хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлсэн тохиолдол бүрийн дараах өдрүүдэд амиа хорлолт нэмэгдсэн гэдэг нь тогтоогдсон байгаа юм. Мөн олны танил хүмүүс амиа хорлосны дараа амиа хорлох үзэгдэл ч нэмэгддэг гэж дүгнэсэн.
Ийм сөрөг нөлөөнүүдийг нийгэмд бий болгох эрсдэлтэй учраас амиа хорлолт, хүчирхийллийг мэдээлэхдээ үүнийг урьдчилан сэргийлүүлэх, буруулах зорилго өвөртөлж мэдээлж буй гэдгээ санан ёс зүйтэй, мэдрэмжтэй мэдээлэх нь чухал юм.