Мал эмнэлгийн мэргэжилтнүүд Казахстаны шүлхийгүй бүсээс туршлага судлана
Бүгд Найрамдах Казахстан Улсын Хүнс, хөдөө аж ахуйн яамны мал эмнэлэг, хяналт, шалгалтын хорооны удирдлагуудтай цахим уулзалт хийлээ. Уулзалтад БНКУ-аас Монгол Улсад суугаа элчин сайдын зөвлөх Айдар Абишев, Казахстан Улсын Хөдөө, аж ахуйн яамны мал эмнэлэг, хяналт, тандалтын хорооны дарга А.Жахыпбеков, Олон улсын хамтын ажиллагааны хэлтсийн дарга А.Забеков Монгол Улсаас Ерөнхий малын эмч, холбогдох газрын албан хаагчид оролцлоо.
Цахим уулзалтаар Олон улсын мал эмнэлгийн гэрчилгээний нөхцөлийн дагуу мал, амьтан, тэдгээрийн гаралтай түүхий эд бүтээгдэхүүний экспорт, импортыг эхлүүлэх, үхрийн арьс товруутах өвчний вакциныг үйлдвэрлэхэд дэмжлэг үзүүлэх зэрэг асуудлыг хэлэлцсэн байна.
Мөн Дэлхийн мал, амьтны эрүүл мэндийн байгууллагаас Казахстан Улсын таван бүс нутагт шүлхий өвчингүй, тайван бүс статус авсан бөгөөд туршлага судлах хүрээнд Монгол Улсаас холбогдох эмч, мэргэжилтнүүдийг тус улсад ажиллуулах зэрэг асуудлуудыг хэлэлцэн хамтран ажиллахаар болжээ.