ХАБЭМТөв, БНСУ дахь Хөдөлмөр, нийгэм хамгааллын үйлчилгээний төвтэй хамтран ажиллана
ХНХЯамны Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төвийн захирал М.Даваабат, БНСУ дахь Хөдөлмөр, нийгэм хамгааллын үйлчилгээний төвийн дарга Д.Баярмандахтай уулзав.
Уулзалтаар хоёр байгууллагын ажлын уялдаа холбоог улам сайжруулах, Хөдөлмөр, нийгэм хамгааллын үйлчилгээний төвийн дэмжлэгтэйгээр БНСУ-ын Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн агентлагтай хамтран хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны сургалт хийх, алба хаагчдыг чадавхжуулах, Солонгосын хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагаанд шинээр нэвтрүүлж буй стандарт, горимуудтай танилцах, туршлага судлах зэрэг олон ажлуудыг хамтран хэрэгжүүлэх боломжийн талаар ярилцаж, санал солилцлоо.
БНСУ дахь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын үндэсний төв нь Солонгосын Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн агентлагтай санамж бичгийн хүрээнд хамтран ажиллаж, мэргэжилтнүүддээ салбар салбараар төрөлжсөн сургалт авч, гэрээт ажилчдад зориулсан сэтгүүл, тараах материал зэргийн агуулгад хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны талаарх зөвлөгөө мэдээллийг тогтмол нийтэлж түгээдэг байна.
Мөн БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллагч монгол иргэдэд заавар, зөвлөгөө өгч, шинээр ирэх гэж буй гэрээт иргэдэд ирэхийн өмнөх сургалтаар үйлдвэрлэлийн осол гэмтлээс урьдчилан сэргийлэх талаар цахим сургалтыг хийх зэргээр ажиллаж байна.