Манай улсад жилд 4,500 гаруй хүн архины шалтгаанаар нас барж байгаа нь Ковид-19-аар нас барж буй хүний тооноос 2 ДАХИН ИХ байна

2022 оны 5 сарын 23

Arslan.mn

Өнөөдөр манай улсад жилд 4,500 гаруй хүн архины шууд болон шууд бус хамааралтай байдлаар нас барж буйг судалгаагаар тогтоожээ. Өнгөрсөн хугацаанд 2,100 орчим хүн Ковид-19 цар тахлын улмаас нас барлаа. Гэтэл жилд архины шалтгаанаар нас барж буй хүний тоо үүнээс хоёр дахин илүү байна.

Архины хор хөнөөлийн хувьд:

  • Нэгдүгээрт, архи хэтрүүлэн хэрэглэж байгаа хүний бие, физиологид асар их өөрчлөлт орж, эрүүл мэндээрээ хохирдог. 
  • Хоёрдугаарт, өөрөө хохироод зогсохгүй бусдад хохирол учруулдаг. Тухайлбал, авто тээврийн осол, гэр бүлийн хүчирхийлэл зэрэг олон сөрөг үр дагаврыг нийгэмд авчирдаг. Энэ тоонуудыг аваад үзвэл архидалт өнөөдөр манай улсын үндэсний аюулгүй байдалд заналхийлэх түвшинд хүрсэн байна.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас жилд нэг хүнд ногдох спиртийн дундаж хэрэглээ нь 7 литрээс давбал үндэсний аюулгүй байдалд аюул учирсан гэж үздэг. Гэтэл манай улсад 12 литрт хүрчхээд байна. Жилд нэг хүнд ногдох согтууруулах ундааны хэмжээ 55 литрт хүрсэн. Энэ нь 21-ээс дээш насны хүн амаа тооцоход нэг хүнд ногдох хэмжээ гэсэн үг.

Мөн 21-ээс дээш насны нэг иргэнд жилд ногдох цэвэр архины хэмжээ 12 литр, нийт согтууруулах ундааны хэмжээ 54 литр байгаа нь ДЭМБ-аас тогтоосон түвшнээс өндөр байгаа юм. 

Мөн хорт хавдрын улмаас жилд 4,000 гаруй хүн нас бардаг. Гэтэл хавдрын шалтгааныг нь аваад үзэхээр 32 хувь нь архидалттай холбоотой байдаг. Хэрвээ бид хэрэглээг багасгаж, зөв зохистой болгож чадах юм бол энэ хүмүүс эмнэлэгт хандах шаардлагагүй болно. Тэр хэмжээгээрээ эмнэлгийн тусламж, үйлчилгээг шаардлагатай хүмүүст хүргэх боломж бүрдэж, манай улсад хийгддэггүй тусламж, үйлчилгээг хөгжүүлэхэд зарцуулах ёстой цаг хугацаа уртасна. Эмнэлгийн тусламж, үйлчилгээ сайжирна, хүртээмж нэмэгдэнэ.

Тиймээс өнгөрсөн сард  Ерөнхийлөгчийн зарлиг гарснаар өндөр хатуулагтай архи, согтууруулах ундаанд ногдуулж буй онцгой албан татварыг нэмэх эрх зүйн орчин бүрдэнэ гэдгийг Ерөнхийлөгчийн Тамгын газраас мэдээлсэн билээ. Ерөнхийлөгчийн зарлиг хэрэгжсэнээр 10 жилийн хугацаанд архи, согтууруулах ундааны хатуулгийг жил бүр хоёр хувиар бууруулна. Тодруулбал, хоёр хувь буурсан эхний жилд 36%-аас дээш хатуулагтай архи, согтууруулах ундааны онцгой албан татвар 6,960 төгрөгөөс 15,660 төгрөг болж нэмэгдэх юм. 
Улмаар жил бүр хоёр хувиар бууруулж, 10 жилийн дараа 18%-аас дээш хатуулагтай архи, согтууруулах ундаа өндөр татвартай ангилалд шилжсэн байх юм.
Харин архи, согтууруулах ундаанд ногдуулах онцгой албан татварын орлогоос хавдрын эмнэлэг, донтох өвчнийг эмчлэх төв болон хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийн төвийг байгуулах болон архи, согтууруулах ундааны хор уршгийг нийгэмд сурталчлан таниулж, соён гэгээрүүлэх чиглэлд  зарцуулахаар тусгажээ.
 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
637247
1 эможи

keyboard_arrow_up