ЦЕГ: Долоо хоногийн ОНЦЛОХ ТОЙМ
Энэ долоо хоногт цагдаа, дотоодын цэргийн байгууллагад болж өрнөсөн “ОНЦЛОХ” үйл явдлыг тоймлон хүргэж байна.
АЛБА ХААГЧДАД ТООН ГАРЫН ҮСЭГ ОЛГОЖ БАЙНА
Цахим гарын үсгийн тухай хуулийг мөрдөж эхэлсэнтэй холбогдуулан иргэдэд тоон гарын үсэг олгож эхлээд байгаа. Энэхүү ажлын хүрээнд Цагдаагийн ерөнхий газар, Мэдээлэл дүн шинжилгээ шуурхай удирдлагын алба, Улсын бүртгэлийн ерөнхий газартай хамтран албан хаагчдад тоон гарын үсэг олгох үйл ажиллагааг өнөөдөр /2022.05.20/ зохион байгуулж байна.
Тоон гарын үсэг хэрэглээнд бүрэн нэвтэрснээр олон асуудлыг шийдвэрлэж төрийн цахим үйлчилгээний нэгдсэн систем Е-mongolia-гаар бүх төрлийн төрийн үйлчилгээг цаг хугацаа алдалгүй түргэн шуурхай авах, иргэд аливаа системд нэвтрэхэд хэрэглэгчийн нэр, нууц үгийн оронд тоон гарын үсгийг ашиглан нэвтрэлт хийснээр нууцлал аюулгүй байдал бүрэн хангагдах юм.
“ҮНДЭСНИЙ НОМЫН БАЯР-31” АРГА ХЭМЖЭЭНД ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГЫН “ВИРТУАЛ МУЗЕЙ” АНХ УДАА ОРОЛЦОЖ БАЙНА
Жил бүрийн хавар, намар зохион байгуулагддаг номын баяр 2007 оноос хойш жил алгасалгүй зохион байгуулагдсаар өдгөө 16 дахь жилтэйгээ золгож байна.
Үндэсний номын баярын 31 дэх удаагийн арга хэмжээ Сүхбаатарын талбайд өнөөдөр /2022.05.20/ эхэллээ.
Энэ жил номын баярыг “Илүү их уншъя” уриан дор зохион явуулж байна. Уг арга хэмжээ унших, бичих, орчуулах, хэвлэн нийтлэх, түгээх үйл ажиллагааг дэмжиж, сурталчилдаг үндэсний хэмжээний арга хэмжээ бөгөөд дунджаар 50,000 хүн зорин ирдэг байна.
“Үндэсний номын баяр-31” арга хэмжээнд Цагдаагийн ерөнхий газрын “Сүлд” чуулгын уран бүтээлчид оролцож уран бүтээлээ олны хүртээл болгодог байсан бөгөөд энэ жилийн хувьд анх удаа цагдаагийн байгууллагын “Виртуал музей” оролцож байна.
“МОНГОЛ УЛСЫН ДОТООДЫН ЦЭРГИЙН ТҮҮХ” НОМЫН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
Монгол Улсын Дотоодын цэргийн үүсэл хөгжил, түүхэн уламжлал, чиг үүргийг түүхийн судалгааны арга зүй, зарчим, шаардлагад тулгуурлан судалж суурь судалгааны бүтээл туурвих зорилгоор “Монгол Улсын Дотоодын цэргийн түүх” /1911-2022/ бүтээлийн бүтцийн хэлэлцүүлгийг Цагдаагийн ерөнхий газрын “Хурлын танхим”-д өнөөдөр /2022.05.20/ зохион байгууллаа.
Энэхүү хэлэлцүүлгээр “Монгол улсын дотоодын цэргийн түүх” /1911-2022/ “Монгол Улсын Дотоодын цэргийн түүх” /1911-2022/ номыг бүтээх ажлын явцыг танилцуулж, цаашид авч хэрэгжүүлэх ажил, арга хэмжээний талаар санал солилцсон юм. Дээрх бүтээл нь Монгол Улсын Дотоодын цэргийн байгууллагын түүхийн судалгааг шинэ шатанд гаргаж, эрдэмтэн судлаачид, их дээд сургуулийн оюутан, суралцагчдын сургалтын материал, судлагдахуун, цаашдын судалгааны чиглэл, арга зүйг тодорхойлоход дөхөм болсон суурь судалгааны бүтээл болох бөгөөд баялаг түүх, баатарлаг ялалт, бахдам амжилтаа нэгэн зууны түүх болгон туурвиж байгаагаараа онцлогтой юм.
БАЙГАЛИА БҮТЭЭЕ НӨЛӨӨЛЛИЙН АЯН ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
Монгол Улсад Орчин цагийн цагдаагийн байгууллага үүсэж хөгжсөний 101, Дотоодын цэрэг үүсэж хөгжсөний 100 жилийн ой энэ онд тохиож байгаатай холбогдуулан цагдаагийн төв байгууллагаас олон талт ажил, арга хэмжээг зохион байгуулан ажиллаж байна.
Үүний нэг нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд цагдаагийн байгууллага нэгдэн “Нэг сая мод” тарих уриалгыг дэвшүүлэн “Байгалиа бүтээе” нөлөөллийн аянг эхлүүлээд байгаа. Энэхүү аяны хүрээнд Мэдээлэл, дүн шинжилгээ, шуурхай удирдлагын алба болон ЦЕГ-ын Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагчид 532 модны суулгац суулгалаа.
"ААВ, ЭЭЖ, БИ" ӨДӨРЛӨГ, ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Нийслэлийн цагдаагийн удирдах газраас "Дэлхийн Гэр бүлийн өдөр", Олон Улсын "Хүүхдийн эрхийг хамгаалах өдөр"-ийг тохиолдуулан алба хаагч, түүний гэр бүл, хүүхдийн дунд "Аав, Ээж, Би" тэмцээн, өдөрлөг, сургалтыг зохион байгууллаа.
Идэвхтэй оролцсон багийн ахлагч "Хүүхэд"-үүд болон эцэг, эхчүүд, нийт алба хаагчдын гэр бүлд Дэлхийн Гэр бүлийн өдөр, Олон Улсын Хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн мэндийг дэвшүүлж, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
Гэр бүл бүрд хүүхдийн инээд, баяр хөөр бялхаж, аз жаргалтай байх болтугай.
"БЭЛГИЙН ХҮЧИРХИЙЛЛИЙН ХОХИРОГЧ ХҮҮХДЭД ТУСЛАЛЦАА ҮЗҮҮЛЭХ НЬ" СЭДЭВТ БҮСИЙН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
Хүний эрхийн үндэсний комисс, Монгол Улсад Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, Цагдаагийн ерөнхий газар хамтран “Насанд хүрээгүй хүний эсрэг үйлдэгдэж буй бэлгийн хүчирхийллийн гэмт хэргийн онцлогийн талаарх мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хохирогч хүүхдийн сэтгэл зүйн онцлогийг таних арга зүйд цагдаагийн алба хаагчдыг сургах, чадавхжуулах бүсийн сургалтыг Сүхбаатар аймагт зохион байгууллаа.
Сургалтад Сүхбаатар, Хэнтий, Дорнод аймаг дахь цагдаагийн газрын ахлах мөрдөгч, мөрдөгч, хүүхдийн асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн, мэргэжилтнүүд хамрагдсан юм.