ТАНИЛЦ: Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын инновац шингэсэн ЗУРГААН ТӨСӨЛ
Монгол Улсын нийгэм-эдийн засгийн тулгуур салбарын нэг болох хүнс, хөдөө аж ахуйн салбарт бий болгосон инновацын шилдэг бүтээлүүдийг хөрөнгө оруулагч, бизнес эрхлэгчдэд танилцуулах, хамтын ажиллагааны шийдлүүдийг хайж, инновацын бүтээлүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах боломжийг нэмэгдүүлэх зорилготой “Монголын инновацийн 7 хоног-2022” арга хэмжээний хүрээнд зохион байгуулагдаж байгаа “Хөдөө аж ахуйн салбар дахь инноваци ба хөрөнгө оруулалт” уулзалт, хэлэлцүүлэг амжилттай боллоо.
Шинжлэх ухааны академи, Салбарын эрдэм шинжилгээний хүрээлэн, их дээд сургуулийн эрдэмтэн судлаач, профессор багш, оюутан залуус, хувийн хэвшлийн эрдэм шинжилгээ, судалгааны байгууллага, хөрөнгө оруулагч, бизнесийн байгууллага, салбарын бодлого тодорхойлогч, хууль тогтоогчид оролцлоо.
Арга хэмжээг ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн, БШУЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Л.Цэдэвсүрэн нар нээв. ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн “Өнөөдөр дэлхийд топ 100 гаруй компани оюуны өмчийн үнэлгээнд суурилсан инновацын чиг хандлага, технологийн манлайллыг тодорхойлдог боллоо. Энэ нь шинжлэх ухааны үүрэг үнэнийг нотлоход байсан уу, эсхүл асуудлыг шийдвэрлэхэд байсан уу гэдэгт хариу өгөх, шинжлэх ухааны удирдлага, төлөвлөлтийн үзэл баримтлалд өөрчлөлт, шинэчлэлийг бий болгож байна. Азийн орнууд дэлхийд хамгийн өндөр инновацын идэвхжилттэй байгаа нь бидний зайлшгүй анхаарлын төвд байх асуудал юм" гэдгийг онцоллоо.
Мөн хүн ам цөөтэй орны хувьд оюуны чадавхтай судлаачдын мэдлэг, оюуны чадамжид тулгуурлан технологийн өндөр багтаамжтай бүтээгдэхүүн, үйлчилгээг бий болгох, цахим хөдөө аж ахуйд түшиглэсэн инновацыг хөгжүүлснээр эдийн засгийн өсөлтийг түргэсгэх, оюуны үнэлэмжийг дэлхийд өрсөлдөхүйц хэмжээнд хүргэхэд чухал ач холбогдолтойг дурдлаа.
Хэлэлцүүлгийн үеэр эдийн засгийн эргэлтэд орох боломжтой, шинжлэх ухаан, инновацын доорх төслийг хөрөнгө оруулагч, бизнес эрхлэгчдэд танилцууллаа. Эдгээр төслийн тухайд,
- Мал аж ахуйн эрдэм шинжилгээний хүрээлэнгийн дэргэдэх гарааны “Тэжээлийн ургамлын элит үр” ХХК-ийн “Тэжээлийн олон наст ургамлын тарималжиж нутагшсан 8 сортын үр үржүүлэг” төсөл,
- Өвсөн тэжээлтэй малын өтөг бууцанд цаасны гол бүрэлдэхүүн болох целлюлоз их хэмжээгээр агуулагдаж байгааг ашиглан байгальд ээлтэй технологиор цаас хийх арга боловсруулсан "Аргалын цаас-байгальд ээлтэй материал ба сав баглаа боодол" төсөл,
- “Микро ворлд” ХХК-ийн импортыг орлохуйц эмчилгээний зориулалттай арьс арчилгааны “FOR YOU” нэрийн Toner, Mist, Serum, Cream, lipmask-ийн бүрдэл бүхий багц бүтээгдэхүүний төсөл. Тус төслөөр дэлхий нийт эмэн бус эмчилгээний аргыг хайж буй энэ цаг үед хүнс тэжээл, ахуйн хэрэглээ, дадал зуршилд нь тулгуурлан бүтээсэн инновацын бүтээгдэхүүн бий болгох нь анагаах ухаанд чухал үүрэгтэй. Пробиотик идэвхтэй бактерийн биохимийн шинж чанар, ихсийн идэвхтэй бүрэлдэхүүн хэсгүүд, Монгол орны эмийн ургамлын эмчилгээний идэвхт нэгдлүүдийг лабораторийн нөхцөлд туршин, судалж эмчилгээний идэвхтэй арьс арчилгааны бүтээгдэхүүн гаргаж авсан бөгөөд дээрх бүтээгдэхүүнүүд нь Lactobacillus-ийн амьд эсийг агуулж байгаагаар онцлог бөгөөд амьд тос юм. Монгол хүний эрүүл мэндэд дасан зохицох хоол тэжээлийн нэмэлт, туршилт судалгаанд хэрэглэх микробиологийн тест тэжээлт орчин дотооддоо үйлдвэрлэх зэрэг олон ажлыг төлөвлөн ажиллаж байна.
- “Мөөжиг” органик ХХК-ийн гэрийн нөхцөлд мөөг тариалах, өрхийн аж ахуйг дэмжих орлоготой, ажилтай, эрүүл хүнсээ өөрсдөө бэлтгэх эрүүл Монгол хүнс төсөл.
- ХААИС-ийн дэргэдэх “Гарааны лиэдэр хаб” ХХК-ийн гар урлалын зориулалттай эко арьс үйлдвэрлэх” төсөл. Уг төсөл механик шинжилгээгээр чанарын шаардлага хангаж бог, бод малын арьсны үсэн бүрхүүлийг гэмтээлгүй салгаж, хаягдал усны бохирдол бууруулсан Монголын уламжлалт шар сүүн идээлгээр идээлсэн арьс. Хүнд металлын хром, хүхэр, натри шохой ашиглахгүй давуу талтай.
- ХААИС-ийн "Биотехнологийн аргаар мал амьтны нэмэгдэл тэжээл үйлдвэрлэх" төсөл. Мал амьтны нэмэгдэл тэжээл гарган авахад томоохон талбай шаардаггүй бѳгѳѳд байгаль цаг уурын нѳхцлѳѳс шалтгаалдаггүй, олдоц ихтэй хямд тѳсѳр хүнсний болон хүнсний бус хаягдал дээр ургуулж болдог. МАА-н гаралтай бүтээгдэхүүнийг нэмэгдүүлэх боломжтой мал амьтны тэжээлийн нэмэгдэл (уураг, витамин, фермент) үйлдвэрлэж болно. Дэлхийн биотехнологийн холбооноос гаргасан эрсдлийн түвшингээр тус сангийн өсгөврүүд нь эрсдлийн түвшингээр 1-р зэрэгт хамаарагддаг буюу хүн, амьтанд гаж нөлөөгүй, өвчин үүсгэдэггүй микроорганизмууд болно.