“Хүнсний хангамж, аюулгүй байдлын талаар авах зарим арга хэмжээний тухай” тогтоолын төслийг УИХ-ын даргад өргөн мэдүүллээ
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн өөрийн бүрэн эрхийн хүрээнд санаачилсан “Хүнсний хангамж, аюулгүй байдлын талаар авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар өнөөдөр (2022.05.20) Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүллээ.
Манай улсын гол нэрийн 16 нэр төрлийн хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнээс малын мах, улаан буудай, гурил, төмсийг дотоодоосоо 100 хувь хангаж байна.
Харин сүүн бүтээгдэхүүн 27.1 хувь, гурилан бүтээгдэхүүн 38.2 хувь, хүнсний ногоо 38.5 хувь, өндөг 48.6 хувь, цөцгийн тос 67.4 хувь, тахианы мах 98 хувь, ургамлын тос 98.5 хувь нь импортын хамааралтай байна. 2021 онд 962 сая ам. доллар буюу 2.7 их наяд төгрөгийн хүнсний бүтээгдэхүүнийг импортолсон бөгөөд жилд дунджаар 2.5 их наяд төгрөгийн импорт хийж байна.
Сүүлийн жилүүдэд дэлхий нийтийг хамарсан “КОВИД-19” цар тахлын улмаас манай улсын хүнсний хангамжийн тогтвортой байдалд эрсдэл бий болж байна. Тухайлбал, тээвэр, логистикийн хүндрэлээс шалтгаалан дэлхий нийтэд хүнсний бүтээгдэхүүний тээвэрлэлтийн зардал 40-60 хувь, өнгөрсөн оны байдлаар хүнсний үнэ дунджаар 28.1 хувиар тус тус өсөж, импортын гол нэрийн хүнсний татан авалт 2-3 дахин буурч, зарим түүхий эдийн нийлүүлэлт тасалдаж, хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 13.4 хувиар өсжээ.
Судалгаагаар манай улс 2030 он хүртэлх хугацаанд малын мах, махан бүтээгдэхүүн, сүү, сүүн бүтээгдэхүүн, гурил, гурилан бүтээгдэхүүнийг дотооддоо бүрэн хангаж жилд дунджаар 95.4 мян.тн малын мах, 54.6 мян.тн махан бүтээгдэхүүн, 288 мян.тн сүү, сүүн бүтээгдэхүүн, 111 мян.тн гурил, 21 мян.тн гурилан бүтээгдэхүүн экспортлох боломжтой байгаа бол жишсэн хүн амын хэрэгцээт жимс жимсгэнийн 23 хувь, ургамлын тосны 69 хувь, хүлэмжийн ногооны 41 хувь, элсэн чихрийн 41 хувь, төрөл бүрийн будааны 44 хувийг дотоодын үйлдвэрлэлээс хангаж, ил талбайн ногоо, тахианы мах, өндөг, гахайн мах, өөхийг дотоодын үйлдвэрлэлээр бүрэн хангах боломжтой.
Түүнчлэн дээрх гол нэрийн 16 нэр төрлийн хүнсний түүхий эдийг бэлтгэхэд одоо байгаа усалгаагүй 557 мян.га талбай дээр шинээр 479 мян.га талбайг, харин усалгаатай 30 мян.га талбай дээр шинээр 33 мян.га талбайг эргэлтэд оруулах шаардлагатай гэсэн тооцоо гарчээ.
Иймд гол нэрийн хүнсний бүтээгдэхүүнийг дотоодоосоо хангах, зөвхөн хүнс хөдөө аж ахуйн салбар бус улсын хэмжээнд нийт салбарын хүрээнд хамтран ажиллах, хүн амын хүнсний хангамж, аюулгүй байдлын хангах чиглэлээр нэгдсэн бодлого хэрэгжүүлэх шаардлагатай байгааг тогтоолын төслийн танилцуулгад дурдсан байна.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Хүнсний хангамж, аюулгүй байдлын талаар авах зарим арга хэмжээний тухай” тогтоолын төсөлд хүнсний аюулгүй байдлыг хангах нэгдсэн тогтолцоог бүрдүүлэх татвар, хөрөнгө оруулалтын таатай орчин бүрдүүлэх, санхүүжилт даатгалын оновчтой тогтолцоог бий болгох, хүүхдийн хоол, хүнсний хангамжийн нийлүүлэлтийн оновчтой тогтолцоог бий болгох, аюулгүйн үзүүлэлтийг тодорхойлох, пестицидийн үлдэгдлийн хяналтын хөтөлбөр батлах, хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний хөндлөнгийн хяналтын зохицуулалтыг бий болгох чиглэлээр эрх зүйн орчинг сайжруулах, холбогдох хууль тогтоомжид нэмэлт, өөрчлөлт оруулахыг холбогдох байнгын хороонд даалгахаар тусгажээ.
Түүнчлэн хүнсний хангамжийг нэмэгдүүлэхэд шаардлагатай хөрөнгө оруулалтыг үе шаттай шийдвэрлэх, хүнсний эрдэм шинжилгээ, судалгааны хүрээлэнг бий болгох, газар тариалангийн үйлдвэрлэлийн чиглэлээр тариалангийн зориулалттай газар ашиглалтыг сайжруулах, талбайн хэмжээг нэмэгдүүлэх ургамлын генетик нөөцийн ашиглалт хамгаалалт, нутагшсан сортын үрийн нөөц бүрдүүлэх, үр тариа, төмс, хүнсний ногоо, жимс, жимсгэнэ болон ашигт таримлын үр үйлдвэрлэлийн үндэсний тогтолцоог бүрдүүлэхэд шаардлагатай асуудлуудыг тусгасан байна.
Мөн мал аж ахуйн үйлдвэрлэлийн чиглэлээр нэг малаас авах ашиг шимийг нэмэгдүүлэх, бэлчээрийн даацыг тооцон малын тоо толгойг зохих түвшинд барих, мал, амьтны гоц халдварт өвчинтэй тэмцэх цогц арга хэмжээг шуурхай авч хэрэгжүүлэх, хүнсний боловсруулах үйлдвэрлэлийн чиглэлээр мал аж ахуй, газар тариалангаас нийлүүлсэн хүнсний түүхий эдийг дотооддоо боловсруулах, бэлэн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх, хүнсний сүлжээний бүх шатанд хяналт баталгаажуулалтыг тодорхой болгож итгэмжлэгдсэн лабораторийн хүчин чадлыг нэмэгдүүлэх, дотоодын зах зээлд борлуулсан чанар, эрүүл ахуй, аюулгүйн үзүүлэлтийн шаардлага хангасан бүтээгдэхүүнд олгож буй урамшууллын тогтолцоог боловсронгуй болгох ажлыг зохион байгуулах зэрэг арга хэмжээ авахыг Монгол Улсын Засгийн газарт даалгахаар тусгажээ гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.