Д.Дашмаа: Хүүхдэд утаат тамхи татахыг санал болгосон, олж авах, хэрэглэхэд нь дэмжлэг үзүүлсэн зөрчлүүд гарч байна
Прокурорын байгууллагаас улсын хэмжээнд зохион байгуулж байгаа “Хүүхдийн эрх” нэгдсэн аяны талаар Улсын Ерөнхий Прокурорын Газрын/УЕПГ/ Олон нийттэй харилцах албаны дарга, ахлах прокурор Д.Дашмаатай ярилцлаа.
-“Хүүхдийн эрх” нэгдсэн аяныг яагаад зохион байгуулах болов, гол зорилго, ач холбогдол нь юу байна вэ?
- Сүүлийн жилүүдэд хүүхэд гэмт хэргийн улмаас хохирох, эрх нь зөрчигдөх тохиолдлын тоо буурахгүй, жилээс жилд өсөх хандлагатай байна. Тухайлбал, Зөрчлийн тухай хуульд заасан Хүүхдийн эрхийн зөрчил гэхэд 2019 онд 1411 бүртгэгдэж байсан бол 2020 онд 3215, 2021 онд 4651 болж 2-3 дахин өссөн нь нэлээд анхаарал татаж байгаа юм.
Тиймээс Улсын Ерөнхий прокурорын газраас өнгөрсөн 2021 онд Зөрчлийн тухай хуульд заасан Хүүхдийн эрхийг зөрчих зөрчлийн талаар томоохон судалгааг хийсэн. Судалгааг хийхдээ 2020, 2021 оны нэгдүгээр улиралд шалгаж шийдвэрлэгдсэн Хүүхдийн эрхийн зөрчлийн материалуудыг нэг бүрчлэн үзэж, хүүхдийн эрх зөрчигдөж байгаа гол шалтгаан нөхцөл юу болохыг тогтоохыг зорьсон.
Зөрчлийн тухай хуулийн 6.20 дугаар зүйлд Хүүхдийн эрхийг зөрчих зөрчлийн хэргүүдийг хуульчилсан байдаг бөгөөд нийт 15 төрлийн зөрчил байдаг. Үүнээс “Хүүхдийн бие махбодод халдсан, эсхүл үл хайхарсан, эсхүл хүүхдийн дэргэд архидан согтуурсан, мансуурсан, хүчирхийлэл үйлдсэн” зөрчил нийт зөрчлийн дийлэнх хувийг эзэлж байгаа нь судалгаагаар тогтоогдсон. Тухайлбал, 2020 онд бүртгэгдсэн 3,215 зөрчлийн 80.7 хувь нь, 2021 оны нэгдүгээр улиралд бүртгэгдсэн 1,162 зөрчлийн 96.7 хувийг дээрх төрлийн зөрчлийн хэрэг эзэлж байсан.
Мөн шүүхийн шийтгэвэрт хийсэн дүн шинжилгээгээр 1,207 тохиолдлын 14.3 хувь нь “Шүүхийн шийдвэрээр сар бүр төлбөл зохих хүүхдийн тэтгэмжийг 3 сараас дээш хугацаанд төлөөгүй” зөрчил эзэлж, 1,034 буюу 85.6 хувь нь “Хүүхдийн дэргэд гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн” зөрчил эзэлж, гэр бүлийн хүчирхийллийн дам хохирогч нь хүүхэд болж байгааг харуулсан.
Судалгааг зөвхөн бүртгэгдэж шалгагдсан хэргүүд дээр хийхэд ойролцоогоор 4,700 хүүхдийн эрх зөрчигдсөн байсан. Гэтэл илрэх боломжтой боловч илрээгүй олон зөрчил байж болзошгүй нь мөн судалгааны дүнгээс харагдсан. Тухайлбал, хүүхдэд утаат тамхи татахыг санал болгосон, тамхи олж авах, хэрэглэхэд нь дэмжлэг үзүүлсэн, аливаа төлбөр, хураамжийг төлөөгүй үндэслэлээр хүүхдийн сурч боловсрох эрхийг хууль бусаар хязгаарласан, сургууль, сургуулийн дотуур байр, өдөр өнжүүлэх төв, асрамж, халамжийн төв, хүүхэд хамгааллын төв болон хүүхдэд үйлчилгээ үзүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа бусад байгууллага нь хүүхдэд аюулгүй, ээлтэй орчин бүрдүүлэх үүргээ биелүүлээгүйгээс хүүхдийн эрх зөрчигдсөн зэрэг зөрчлүүдийг дурдаж болно.
Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хууль тогтоомж, төрөөс авч хэрэгжүүлж байгаа бодлого шийдвэрт хүүхдийн эрхийн асуудлыг хангалтай тусгасан байгаа боловч илрүүлэлт хангалтгүй байна гэж судалгааны дүнд үзсэн. Энэ нь хүүхдийн эрхийг хангах, хамгаалах үүрэгтэй хүмүүсийн хууль эрх зүйн мэдлэг мэдээлэл дутмаг, хамтын ажиллагаа хангалтгүй байгаатай холбоотой. Үүнээс гадна хүүхдүүд өөрсдөө “Хүүхдийн эрх”-ийн талаар мэдлэг, мэдээлэлгүй учраас эрх нь зөрчигдөж байгаагаа мэддэггүй, эсвэл энэ талаар хэнд хандах, хэнээр хамгаалуулах ёстой гэдгээ мэдэхгүй байна.
Прокурорын байгууллагаас дээрх судалгаагаар тогтоогдсон нөхцөл байдлыг үндэслэн хүүхдийн эрхийн талаар хууль тогтоомжийг иргэд, олон нийтэд таниулан сурталчлах, тэдгээрийн хууль эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, соён гэгээрүүлэх зорилгоор “Хүүхдийн эрх” нэгдсэн аяныг энэ оны 3 сараас эхлэн зохион байгуулж байгаа юм.
- Аян нь цаг хугацааны хувьд хэднээс хэдний хооронд үргэлжилж байгаа вэ? Ямар, ямар ажил зохион байгуулахаар төлөвлөж байна вэ?
- “Хүүхдийн эрх” нэгдсэн аяныг 2022 оны 3 дугаар сарын 21-ний өдрөөс 6 дугаар сарын 10-ны өдөр хүртэлх хугацаанд “Хүүхэд бүрийн төлөө” уриатайгаар улсын хэмжээнд зохион байгуулж байна. Энэхүү аянд Улс, аймаг, Нийслэл, Тээвэр, дүүрэг, сум дундын гээд бүх прокурорын газрууд оролцож байна. Прокурорын газруудаас харьяа нутаг дэвсгэртээ тодорхой зорилготой, ач холбогдолтой нэлээдгүй их ажлыг хийхээр төлөвлөсөн.
Тухайлбал, Хүүхдийн эрхийг хамгаалах үүрэгтэй орон нутгийн төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран ажиллаж, хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хүүхдийн эрхийн талаарх ойлголтыг иргэд, олон нийтэд таниулах, тэдний хууль, эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, соён гэгээрүүлэхэд чиглэсэн сургалт, уулзалт, хэлэлцүүлгүүдийг зохион байгуулж байна.
Мөн эрсдэлт нөхцөлд байгаа хүүхдийг илрүүлэх, хамгаалах, нөхцөл байдлын үнэлгээ хийх, хүүхдийн эсрэг гэмт хэргийн гаралт, шийдвэрлэлт, түүнд нөлөөлсөн шалтгаан нөхцөлийг судалж, холбогдох арга хэмжээ авах зэргээр ажиллаж байна.
Үүнээс гадна хүүхэд хохирсон гэмт хэрэг, зөрчлийн шийдвэрлэлтийг сайжруулах, мөрдөн шалгах, ял эдлүүлэх ажиллагаанд хүүхдийн эрхийг зөрчихгүй байх талаар прокурор, мөрдөн шалгах болон шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагчдад сургалт зохион байгуулна.
Бидний бас нэг зорилго бол зөвхөн “Хүүхдийн эрх” гэхээс гадна хүүхдийн эрхийг хангах, хамгаалах иргэн, хуулийн этгээдийн хүлээх “үүрэг”-ийн талаар мэдлэг, мэдээллийг энэхүү аяны хүрээнд олон нийтэд хүргэх явдал юм.
Ташрамд хэлэхэд Хүүхдийн эрхийн асуудалд анхаарал хандуулж, Прокурорын байгууллагатай хамтран ажиллаж байгаа бүх байгууллага хамт олон, хувь хүмүүст байгууллагынхаа нэрийн өмнөөс талархаж байгаагаа илэрхийлье.
Хүн бүр Хүүхэд бүрийн төлөө байгаасаа гэж уриалмаар байна.
Эх сурвалж: УЕПГ
|