Г.Занданшатар: Иргэдэд таалагдаж, алга ташуулж л байвал маргаашийн хувь заяа хамаагүй гэж өр тавьдгаа болъё
УИХ-ын чуулганы үдээс хойшхи нэгдсэн хуралдаанаар Засгийн газрын өрийн удирдлагын 2019-2022 оны стратегийн баримт бичгийг хэрэгжилттэй танилцлаа. Энэ үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар үг хэлснийг онцлон хүргэе.
Тэрбээр "Өрөнд баригдсан хүн өтөнд баригдсан ямаатай адил гэж монголчууд ярьдаг. Тиймээс өрийн асуудал бол нам бүлэг, найз нөхдийн асуудал биш. Харамсалтай нь, сайд нар гишүүдийн дэьшүүлсэн санал, санаачилгыг сонссонгүй. Тиймээс давтаж хэлье. учир нь энэ бол сонгууль биш эх орны хувь заяатай холбоотой асуудал шүү. Эх орны ирээдүйн хувь заяатай холбоотой өрийн хавх, эдийн засгийн аюулгүй байдалтай холбоотой асуудал учраас онцгой анхаарах ёстой. Сонгууль хоёрдугаар асуудал гэж Ц.Сандаг-Очир гишүүн хэллээ.
Өнөөдөр нийгмийн сүлжээнд лайк даруулж, өнөөдөртөө магтуулах биш ирээдүй хойч үедээ эх орноо бүрэн бүтнээр нь үлдээж, тэднээр хараалгахгүйн тулд өрийн удирдлагын болон төсвийн боддоого, мөнгө зээлийн өоддогоо уялдуулах шаардлагатай байна. Үүнийг өнөөдрөөс эхлэх ёстой.
Өөрөөр хэлбэл, халамжийг хавтгайруулахгүй зорилтот бүлэгт нь олгож, төсвийн алдагдлыг бууруулах замаар их захгүй өрөнд орж байгаа зүйлээ хязгаарлая. Өр тавьж халамж олгоод үндэсний үйлдвэрлэлээ татаж унагаадаг бодлогоосоо хэзээ салах юм бэ. Энэ бол эх орны эсрэг бодлого байна. Халамжийг хавтгайруулахаа боль гэж гишүүд хэлж байна. Өнөөдөр л иргэдэд таалагдаж, алга ташуулж байвал маргаашийн хувь заяа хамаагүй гэж өр тавьдаг явдлаа болъё. Түгжрэл, халамж зэрэг олон асуудлыг шийдэхийн тулд өрийн баталгаа гаргадгаа болъё. Эрс өөрчлөлт хийж, төсвийн бодлого болон зээлийн бодлогоо иргддээ ойлгуулж хэлээд хийе. Өрийн байдал ийм байна гэж үнэн бодит байдлыг хэлье. Тиймээс ажлын хэсэг байгуулах ёстой гэж үзэж байна. Өнгөрсөн хугацаанд гадаад зээлээр хэрэгжсэн өр зээлийн үр ашгийг үнэлэх шаардлагатай байна.
Монголбанк, төсөв санхүүгийн бодлого болохгүй байна. Тиймээс энэ улс 2011 онд 9,7 тэрбум ам.долларын гадаад зээлтэй байсан бол өнөөдөр 33,4 тэрбум ам.доллар хүрчихсэн байна. Энийг цэгцлэхгүй бол улс орноо аюул руу хөтөлж байна. Нийгмийн даатгалын сангийн өр 2030 онд 16 их наяд төгрөгт хүрнэ гэсэн тооцоо бий. Экспорт, үндэсний үйлдвэрлэлээ дэмжиж, төсвийн алдагдлаа бууруулж байж өрөөс салах бодлого руугаа тууштай явахгүй бол зүгээр ээ, бондыг бондоор төлчихнө гээд. ийм өрийн удирдлагын баримт бичиг л орж ирж байна. Манай улс 2011 онд 37 тэрбумыг зээлийн хүүнд төлж байсан бол одоо 1.2 их наядыг төлдөг. Бид өөрөө өөрсдийгөө л хуурч байна. Дефолт руу орох эрсдэл нэг, хоёр жилийн дараа байна. Нуугаад яваад байж болохгүй. Ирээдүйд монголоос хөөгдөж явахгүйн тулд хэлж байна. Та нар өрөнд оруулчихсан шүү дээ, хулгайч нараа гэж хэлүүлэхгүйн тулд бид анхаарах ёстой" гэлээ.