МЭЕГ: Үхрийн арьс товруутах өвчнөөс урьдчилан сэргийлэх дархлаажуулалтын ажил явагдаж байна
Үхрийн арьс товруутах өвчин нь олон улсын худалдааны хорио цээрт, хил дамжин халдварладаг үхрийн гоц халдварт өвчин. Энэхүү өвчин нь богино хугацаанд ялаа, шумуул болон шууд хавьтлаар халдвар тархаж, халдварлаж өвчилдөг, мах болон сүүний алдагдал, арьсны гологдол үүсгэдэг, сүргийн нилээд хувь нь үхэж хорогддог эдийн засгийн хохирол ихтэй өвчин юм.
Тухайн өвчний үүсгэгч вирус маш тогтвортой, гадаад орчны хуурай нөхцөл ялангуяа товрууны хатсан таванд вирус удаан хугацаагаар байдаг бөгөөд арьсны үхэжсэн зангилаанд 33, хогжруунд 35, хатсан арьс ширэнд 18 хоног хүртэл амьд байдаг нарны шууд гэрэлд тэсвэр муутай ч гадаад орчны чийглэг харанхуй нөхцөлд удаан хугацаанд хадгалагддаг байна.
Өвчний нууц үе 4-14 хоног үргэлжилдэг. Зарим тохиолдолд 28 хоног хүрдэг. Эмнэл зүйн хувьд өндөр халуурах, сүүний гарц огцом татрах, мэдрэг чанар багасах, нус нулимс гоожих, хүзүү толгой, уруул, хөх, үржлийн эрхтэн орчимд 2-5 см голч бүхий товруут зангилаа үүснэ.
Үхрийн арьс товруутах өвчнөөс урьдчилан сэргийлэх яаралтай дархлаажуулалтыг өвчний гол дамжуулагч ялаа шумуулын нислэгийн идэвхжилт ихсэхээс өмнө эрсдэл бүхий Хэнтий, Сүхбаатар, Дорнод, Сэлэнгэ, Дархан-Уул аймгуудын нийт 1,1 сая үхэр сүргийг хамруулахаар төлөвлөж, дархлаажуулалтыг 2022 оны 5 дугаар сарын 9-ний өдрөөс 20 хоногийн хугацаанд зохион байгуулж байна.
Дархлаажуулалтад Аймгийн засаг даргын тамгийн газар, онцгой комисс, мал эмнэлгийн газар, сумын засаг даргын тамгийн газар, мал эмнэлгийн тасаг, мал эмнэлгийн үйлчилгээний нэгж, малчид, мал бүхий иргэд хамтран гүйцэтгэж байна гэж Мал эмнэлгийн ерөнхий газраас мэдээллээ.