“Starlink“ сүлжээндээ нэгтгэхээр Монголд компаниа байгуулсан тэрбумтан Элон Маск гэж ХЭН БЭ?
Тэрбумтан Элон Маск "Starlink" компаниа Монголд байгуулжээ. Энэ талаарх мэдээлэл Улсын бүртгэлийн ерөнхий газрын нээлттэй мэдээллийн санд байршсан байна.
“Starlink” нь олон хиймэл дагуулуудад суурилсан интернэтийн систем бөгөөд “SpaceX”-ийн дэлхийн үйлчилгээний хомсдолтой бүс нутгийн иргэдэд үнэгүй интернэт бий болгох зорилгоор хэрэгжүүлж буй төсөл юм.
Тэгвэл 100 mbps хурдтай “SpaceX” компанийн “Starlink” интернет Монголд үйлчилгээгээ нэвтрүүлэхэд нэг алхам ойртсон байна. Тодруулбал, өнгөрөгч гуравдугаар сарын 21-ний өдөр улсын бүртгэлийн ерөнхий газар “Старлинк Сервисес Монголиа” компани бүртгэгдэж, гүйцэтгэх захирлаар нь Лаурен Эшли Дрейер гэх “Starlink Lithuania”-ийг удирддаг бүсгүй бүртгүүлжээ.
Элон Маск гэж хэн бэ
Тэрээр Өмнөд Африкт 1971 онд энгийн гэр бүлд төрсөн бөгөөд аав ээж хоёр нь багад нь хоёр тийш болсноор аавынхаа дэргэд өсчээ. Хамгийн анхны компьютерээ 10 настайдаа авч байсан бөгөөд 12 настайдаа анх “Бластар” нэртэй тоглоомын программ бичиж байв. Тоглоомоо 500 доллараар худалдсанаар энэ төрлийн бизнес эхлэх санаа бий болсон бөгөөд 13 настайгаасаа хувьцааны бизнест хөл тавьжээ. 17 нас хүрэх үедээ Хатан хааны их сургуульд суралцахаар Канадыг зорьжээ. Өмнөд Африкаас Канад руу, Канадаас АНУ-руу цагаачлах илүү амар байсан учир ийм шийдвэр гаргасан ч гэж үздэг.
Маск Хатан хааны их сургуульд хоёр жил суралцсаны эцэст тэндээс амжилтад хүрэхэд хэрэг болох хангалттай мэдлэг олж авахгүй нь гэсэн шалтгаанаар Пенсильванийн их сургуульд бизнесийн удирдлага, физикийн ухааны тэнхимд шилжин суралцжээ. Дараагаар нь Стэнфордын их сургуульд докторын зэрэг горилохоор очсон боловч хоёр хоноод л залхаж бизнес эхлүүлэхээр шийдсэн аж.
Ийнхүү 1996 онд ахтайгаа нийлэн “ZIP2” нэртэй старт-ап компаниа үүсгэн байгуулав. Тэд программ хангамжийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байсан ба гурван жилийн дараа 302 сая ам.доллараар “Compaq” компанид зарж, гучин нас хүрэлгүй саятнуудын эгнээнд элсжээ.
2002 онд “SpaceX”-ээ байгуулсан бөгөөд 2003 онд өөрийн биширдэг алдарт зохион бүтээгч Николас Теслагийн нэрээр нэрлэсэн “Tesla Motors”-оо байгуулсан юм. Мөн 2006 онд нарны эрчим хүчийг ашиглах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “SolarSystem” компанийн өндөр хөрөнгө оруулагч болжээ.
Мөн тэрээр 2016 оноос хойш АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трампийн ойрын зөвлөхийн үүрэг гүйцэтгэж байгаа билээ.
Түүнийг дэлхий нийт хоёр дахь Стив Жобс гэдэг бөгөөд тэдний хувь хүний зан чанаруудад амархан залхдаг, түргэн ууртай, олон эхнэрээс салсан, үргэлж ажил хэргээ нэгдүгээрт тавьдаг зэрэг төстэй зүйл олон. Мэдээж хамгийн чухал нь Маск технологийн хөгжилд, тэр тусмаа сансар судлалд өндөр хувь нэмрээ оруулж буй нь Стив Жобстой харьцуулагдах хэмжээний зохион бүтээгч, магадгүй суут ухаантан болохыг нь баталж буй юм.