Дорноговь аймагт дараах өдрүүдэд архи согтууруулах ундаа ХУДАЛДАХГҮЙ, ҮЙЛЧЛЭХГҮЙ
Захиргааны ерөнхий хуульд заасан сонсох ажиллагааны үр дүн, иргэд, аж ахуйн нэгж, байгууллагуудаас гарсан саналыг үндэслэн Дорноговь аймгийн Засаг даргын 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн “Цагийн хязгаарыг шинэчлэн тогтоох тухай” А/219 дүгээр захирамжийг хүчингүй болгож, аймгийн хэмжээнд согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгж, байгууллагын ажиллах цагийн хязгаарыг аймгийн Засаг даргын 2022 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн А/282 дугаар захирамжаар шинэчлэн тогтоолоо.
• 7 хоног бүрийн баасан гарагт согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг хориглосон шийдвэрийг цуцаллаа.
• Гэр бүлийн өдөр, Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр, Хичээлийн шинэ жил, Охидын эрхийг хамгаалах өдрөөр согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг хориглохоор шийдвэрлэлээ.
• Дорноговь аймгийн хэмжээнд согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх цагийн хязгаарыг 06:00-00:00 хүртэл байхаар шинэчлэн тогтоолоо.
Энэхүү захирамжийг Захиргааны ерөнхий хуулийн 64.4 дэх хэсэгт заасны дагуу баталснаас хойш ажлын таван өдрийн дотор Хууль зүй, дотоод хэргийн яаманд хянуулж, бүртгүүлэхээр хүргүүлсэн бөгөөд ийнхүү улсын нэгдсэн бүртгэлд бүртгэгдэж, "Захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэл"-д нийтэлсний дараа хүчин төгөлдөр дагаж мөрдүүлэх юм.