Д.Оюунхорол: Хөшигийн хөндийн чөлөөт бүсэд үйлчилгээний салбарын эдийн засгийг хөгжүүлнэ

2022 оны 5 сарын 05

Arslan.mn

Хөшигийн хөндийд Эдийн засгийн чөлөөт бүс байгуулах болсонтой холбогдуулж Засгийн газрын бүрэн эрхт төлөөлөгч, Хөшигийн хөндийн бүтээн байгуулалтын асуудал хариуцсан захиргааны дарга Д.Оюунхоролтой ярилцлаа.

-Хөшигийн хөндийд Эдийн засгийн чөлөөт бүс байгуулах УИХ-ын тогтоолын төсөл батлагдсанаас хойш ажил ямар шатандаа явж байна вэ?  

-Монгол Улсын Засгийн газраас  “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан Шинэ суурьшлын бүс, эдийн засгийн чөлөөт бүс, дагуул хотын бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхээр ажиллаж байна. Энэ ажлын хүрээнд Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулж, түгжрэлийг бууруулахад онцгойлон анхаарч “Чингис хаан” олон улсын шинэ нисэх онгоцны буудлыг түшиглэн Хөшигийн хөндийд 31 мянган га газарт 150 мянган хүн ажиллаж амьдрах эдийн засгийн чөлөөт бүс бүхий суурьшлын бүс байгуулахаар зорьж байгаа. 31 мянган га газрын 1000 га-д нь Эдийн засгийн чөлөөт бүс байгуулах УИХ-ын тогтоолын төсөл батлагдаад удаагүй байна. Чөлөөт бүсийг Аялал жуулчлалын цогцолбор, Соёлын бүтээлч үйлдвэрлэлийн төв,  Худалдаа үйлчилгээний төв, Мэдээлэл технологийн кластер, Олон улсын санхүүгийн төв гэж бүсчлэн төлөвлөж үйлчилгээний салбарын эдийн засгийг хөгжүүлэхээр зорьж байна.

 

-Эдийн засгийн чөлөөт бүс энд байгуулагдсанаар манай улсын эдийн засагт үзүүлэх үр нөлөө нь мэдээж их байх?

-Манайх уул уурхайн салбараас хэт хамааралтай хүрэн эдийн засагтай улс. Цаашдаа бид эдийн засгаа солонгоруулж үйлчилгээний салбарын эдийн засгийг хөгжүүлэх шаардлагатай. Энэ нь байгаль экологид ээлтэй, тогтвортой хөгжлийн зорилтыг хангасан хэнийг ч орхигдуулахгүй хөгжүүлэх боломжийг бүрдүүлэх юм. Нөгөөтээгүүр аялал жуулчлалын салбарт дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн, олон улсын стандартад нийцсэн үйлчилгээнүүдийг нэвтрүүлснээр олон мянган залуусыг ажлын байртай болгохоос өгсүүлээд олон боломж нээлттэй болох юм.

-Жуулчдыг татах ямар ямар онцлох бүтээн байгуулалтууд хийхээр төлөвлөсөн байгаа вэ?

-Нисэх онгоцны буудлаа түшиглэсэн амралт зугаалгын цогцолбор газар, энтертайнмент маягийн шоу бизнесийн төвийг байгуулна. Мөн сүүлийн жилүүдэд аялал жуулчлалын салбарт шинээр бий болж байгаа бүтээгдэхүүний нэг нь жуулчид аялаж амрангаа эрүүл мэнд, гоо сайхны үйлчилгээ авах. Энэ үйлчилгээг хөгжүүлж нэвтрүүлбэл бас нэлээд ирээдүйтэй юм гэж харж байгаа. Монгол банкнаас 2020 онд хийсэн “Эрүүл мэндийн аялал жуулчлал”-ын судалгаагаар 2019 онд л гэхэд Монгол Улсаас 22 мянга орчим иргэн 68.6 сая ам.долларын эрүүл мэндийн үйлчилгээг гадаадад авсан байна.

Тэгвэл манай чөлөөт бүсэд олон улсын томоохон эмнэлгүүд, өрнө, дорны уламжлалт эмчилгээнүүдийг нэгтгэсэн эрүүл мэндийн хотхон байгуулвал дэлхийн жишигт нийцсэн эрүүл мэндийн үйлчилгээг Монголдоо авах боломж бүрдэнэ. Ингэснээр хилийн чанад руу урсдаг эрүүл мэндийн эмчилгээ, үйлчилгээний зардал дотооддоо шингэнэ. Мөн манай улс өөрөө эрүүл мэндийн үйлчилгээг экспортлогч улс болох боломжтой болно гэсэн үг. Монгол эмч нарын чадвар их сайжирсан. Олон улсын эрүүл мэндийн хотхон байгуулснаар нарийн мэргэжлийн эмч нарт маань мэс засал, шүд, уламжлалт анагаах ухаан гээд олон чиглэлээр дэлхийд өрсөлдөх боломжийг нээж өгөх юм.

 -Бүтээн байгуулалтын ажлуудын санхжүүлтийг хэрхэн шийдвэрлэх юм бол? Хөрөнгө оруулалт хийхэд хууль эрх зүйн орчин бүрдсэн байгаа болов уу? Ер нь олон улсын туршлагад энэ төрлийн үйл ажиллагааг амжилттай явуулах ямар туршлага байдгийг ч судалсан байх.

-Бүтээн байгуулалтын ажилд хөрөнгө оруулалт хийх гадаад, дотоодын хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүд саналаа ирүүлсээр байгаа. Эдгээр байгууллагын төлөөллүүдтэй тогтмол уулзаж, саналыг нь тусгахаар ажиллаж байна. Хууль эрх зүйн орчны хувьд олон улсын хууль эрхзүйн хэм хэмжээгээр зохицуулах орчныг бүрдүүлж, хөрөнгө оруулагчдад тогтвортой үйл ажиллагаа явуулах боломжийг бүрдүүлэхээр ажиллаж байна. Хөрөнгө оруулах хүсэлтэй бизнес эрхлэгчдийн зүгээс ч үүнийг л хүсэж байгаа юм. Ингэснээр гадаад дотоодын хөрөнгө оруулалт нэмэгдэж, Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүн буюу эдийн засгийг 10 -15 хувиар тэлэх боломж бүрдэнэ гэж тооцоолж байгаа.  Үүний тулд олон улсад баримталдаг чөлөөт бүсийн бодлогыг маш сайн судалсан. Чөлөөт бүсийн захиргааг корпорацын хэлбэрээр зохион байгуулдаг олон улсын жишгээр явах хэрэгтэй байна. Корпораци нь төр, хувийн хэвшлийн түншлэл дээр тулгуурлан үйл ажиллагаа явуулдаг  дотоод, гадаадын зах зээлээс бонд босгох, зээл болон бусад санхүүжилтийн эх үүсвэр татахад хамгийн боломжтой хувилбар юм.

 

-Энэ бол Монгол Улсын хувьд томоохон бүтээн байгуулалт. Том хэмжээний чөлөөт бүс бий болно. Энд онцгой чухал үүрэгтэй дэд бүтцийн асуудлыг хэрхэн шийдэх төлөвлөгөөтэй ажиллаж байгаа юм бол?

-Хөшигийн хөндийн нэгдсэн төлөвлөлт болох 31 мянган га газарт дэд бүтцийн зураг төслийн ажил хийгдэж дуусах шатандаа явж байна. Урьдчилсан байдлаар инженерийн бэлтгэл арга хэмжээ, ариутгах татуургын шугам сүлжээ, цэвэрлэх байгууламж, цэвэр ус хангамж, мэдээлэл холбоо, цахилгаан, дулаан хангамжийн зураг төслүүдийг гүйцэтгэж байгаа юм.  Эхний ээлжид Чөлөөт бүсийн 1000 га газрыг дэд бүтцэд холбох шаардлагатай тул зураг төслийг нэн даруй боловсруулж, өгөх хүсэлтийг БХБЯ болон Олон улсын хөрөнгө оруулагчдад тавьж байна. Төлөвлөлтийн хүрээнд инженерийн дэд бүтцийн шийдлийг орчин үеийн ухаалаг хотын жишгээр туннелийн системээр шийдэх зорилтыг тавьсанЕр нь эдийн засгийн чөлөөт бүсийн төлөвлөлтийг эхнээс нь зөв оновчтой хийхийн тулд Олон улсын зөвлөх үйлчилгээ авах шаардлагатай гэж үзэж байгаа.

-Казино байгуулах  асуудал яригдсан. Ер нь энэ хэр зохимжтой гэж үзэж байгаа юм бэ?

-Манай улсад жилдээ 550 мянган жуулчин ирдэг, ДНБ-ий 3.5 хувийг аялал жуулчлалын салбараас бүрдүүлж байгаа тоон мэдээ тун хангалтгүй байна аа л гэсэн үзүүлэлт. Тиймээс жуулчдын тоог нэмэгдүүлэхийн тулд орчин үеийн аялал жуулчлалын үйлчилгээг хөгжүүлэх хэрэгтэй. Үүний нэг болох казино байгуулснаар аялал жуулчлалын салбарт үйлчилгээний эдийн засаг хөгжих боломж бүрдэнэ гэж харж байгаа. Гадны улс орнууд казиног эдийн засгийн өндөр үр өгөөжтэй бизнес гэж үзэж хөгжүүлж байна. Дэлхийн 155 улсад 5800 казино үйл ажиллагаа явуулж байна. Одоо эдгээр улс дээр нэмээд Япон улс болон Дубай хотод казино байгуулагдаж байгаа юм билээ. Казинотой улс орнууд ковидын үед ч эдийн засаг нь 35 хувиар өссөн жишээ байна. Казино байгуулах хууль эрх зүйн орчинг бүрдүүлэхээр Хууль зүйн яам ажиллаж байгаа. Тухайн хуулийн төсөлд “Казиног хамгийн либерал, монгол иргэд ордоггүй хэлбэрээр байгуулахаар тусгасан  гэдгийг Х.Нямбаатар сайд онцолж байсан. Монгол хүн оруулахгүй байх тал дээр маш хатуу хаалт, хяналт тавьж өгөх хэрэгтэй болох юм. Аль болох олон ургалч үзэл санааг хуульд тусгах, олон талын судалгааг нэлээн нухацтай хийж байгаа юм билээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
636704
0 эможи

ИРГЭН
2022-05-05 18:38
ИЙМ ХОЦРОГДСОН УЛС ТӨРИЙН ҮХДЭЛЭЭР ХӨГЖӨЛ ЯРИУУЛААД СУУЖ БАЙДАГ, БОГД УУЛЫГ ЗАРЖ ДУУСАН ОДОО МИЕЭЭГЭЭС ЗААВАР АВЧ ХӨШГИЙН ХӨНДИЙГ ДАМБЫН ХИШГЭЭТЭЙ НИЙЛЭЖ ЦӨЛМӨХ ЮМ ГЭСЭН
Зочин
2022-05-05 14:12
Энэ цаддагүй гахайг зайлуулаач хагарч үхлээ
keyboard_arrow_up