“АСА” циркийг ирэх есдүгээр сард АШИГЛАЛТАНД ОРУУЛНА гэжээ
Монголын циркчид нэгдэж, Монголын мэргэжлийн циркчдийн холбооны тэргүүн Т.Будыг тэргүүнээрээ сонгожээ. Тодруулбал, циркчдийн хоёрдугаар чуулган дөрөвдүгээр сарын 22-нд болж, циркийн нэгдсэн холбоотой болж, удирдлагаа сонгосон байна.
Энэ үеэр “Аса” циркийн төлөөлөл чуулганд оролцож, засварын ажлын тайлангаа танилцуулжээ. Шат дараатай олон ажил хийх бөгөөд ирэх есдүгээр сард циркчдийн бэлтгэл, сургуулилалт хийх боломжийг бүрдүүлнэ гэсэн байна.
Улсын цирк 2008 онд хувийн өмчид шилжсэн. Менежментийн гэрээг үндэслэн Худалдах, худалдан авах гэрээ хийснээр “Аса” групп энэ барилгыг эзэмшин, Монголын үндэсний циркийг байгуулсан. Циркийн уран бүтээлчид Монголдоо цор ганц, олон улсын стандартад нийцсэн барилгадаа бэлтгэл, сургуулилалт хийхийн тулд улсаас сард 15 сая төгрөг төлж, “Аса” циркийг түрээсэлдэг байсан. Харамсалтай нь, улсын цирк 2020 оны наймдугаар сараас бүрэн хэмжээний засвар орж, өнөөдрийг хүртэл ажиллахгүй хэвээр байгаа юм.