УБЕГ: Одоогоор 2733 иргэнд тоон гарын үсэг олгоод байна
Цахим гарын үсгийн тухай хууль өчигдрөөс хэрэгжиж эхэлж байна. Үүнтэй холбоотойгоор иргэдэд тоон гарын үсэг олгож эхэлсэн.
Тэгвэл тавдугаар сарын 2-ны өдрийн 17:30 цагийн байдлаар улсын хэмжээнд 2,733 иргэнд тоон гарын үсгийн гэрчилгээ олгожээ.
Улсын бүртгэлийн ерөнхий газрын газрын дарга Д.Дэлгэрсайхан "Өнөөдрөөс эхлээд Цахим гарын үсгийн тухай хууль хэрэгжиж эхэлж байна. Улмаар 16 насанд хүрсэн иргэн бүрд тоон гарын үсгийг үнэгүй олгож эхэллээ. Энэ ажлыг гурван үе шаттайгаар хийнэ. Нэгдүгээрт, 21 аймаг, есөн дүүргийн улсын бүртгэгч нараар дамжуулан иргэдэд тоон гарын үсгийг олгоно. Хоёрдугаарт, киоск машинаар дамжуулан тоон гарын үсэг олгоно. Мөн гар утасны аппликэйшнд ашиглан олгох боломжтой. Тоон гарын үсэг нь гадаад улсад байгаа монголчуудад ч өгөөжтэй юм. Нийт 2.5 сая иргэн тоон гарын үсэг авахаар байна" гэв.