СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Амралтын өдрүүдэд ослын улмаас 11 хүүхэд гэмтэж, 4 хүн нас баржээ
Өнгөрсөн амралтын өдрүүдэд Тээврийн цагдаагийн албаны жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст нийт 568 дуудлага мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 410 дуудлага мэдээллийг хүлээн авч шийдвэрлэж ажиллажээ.
Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас 18 хүн гэмтэж, таван хүний амь нас хохирсон байна. Түүнчлэн энэ амралтын өдрүүдэд хүүхэд өртсөн 11 осол бүртгэгдэж, 11 хүүхэд гэмтэж бэртсэн байна.
Дээрх осолд өртсөн хүүхдүүдийн 8 явган зорчигч хэлбэрээр хөдөлгөөнд оролцсон бол 3 зорчигч хэлбэрээр хөдөлгөөнд оролцсон байна. Насны хувьд 1 нас 4 сартайгаас 15 хүртэлх насныхан байна. Монгол улсын Замын хөдөлгөөний дүрэмд 10 хүртэлх насны хүүхдийг бие даан хөдөлгөөнд оролцуулахыг хориглосон байдаг боловч эцэг, эх, асран хамгаалагчийн хариуцлагагүй байдлын улмаас энэ амралтын өдрүүдэд 5 хүүхэд явган зорчигч хэлбэрээр гэмтжээ.
Мөн суудлын автомашинд болон ачааны автомашины жолоочийн бүхээгт 10 хүртэлх насны хүүхдийг тээвэрлэхдээ биеийн жин, өсөлтөд нь тохирсон зориулалтын нэмэгдэл суудал буюу хамгаалах хэрэгсэл ашиглана, хүүхдийн өндөр 140 см-ээс дээш бол суудлын автомашины арын суудалд зорчигчийн хамгаалах бүс зүүлгэн тээвэрлэхээр заасан боловч тээврийн хэрэгслийн бүхээгт хүүхдийг буруу тээвэрлэснээс 1.4 настайгаас 14 хүртэлх насны 3 хүүхэд гэмтэж бэртсэн байна.
Тээврийн хэрэгслийн хурдыг хороолол, замын зэргэлдээх нутаг дэвсгэр, сургууль орчмын бүс дотор цагт 20 км байхаар зааж өгсөн боловч жолоочийн хариуцлагагүй байдлын улмаас 2 хүүхэд осолд өртөж гэмтсэн байна.
Иймд, эцэг эхчүүд та бүхэн хүүхдээ тавих хараа хяналтыг сайжруулах 10 хүртэлх насны хүүхдийг бие даан хөдөлгөөнд оролцуулахгүй байхыг анхааруулж байна.