Б.БАТ-ЭРДЭНЭ: Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрийн 29 зах болон худалдааны төвүүдээр үйлчлүүлэхдээ И-Баримт авах боломжтой
Нийслэлийн Чингэлтэй дүүрэг үүсгэн байгууллагдсаны 30 жилийн ой, Монголын татварын албанаас 2022 оныг “Татварын боловсролын жил” болгон зарласантай холбогдуулан Чингэлтэй дүүргийн татварын хэлтэс нь өнөөдөр татвар төлөгчдөд татварын боловсрол олгох нээлттэй хаалганы өдөрлөгийг “Хариуцлагатай бизнес эрхлэлт-30 жил” уриан доор зохион байгуулж байна.
Тус өдөрлөгт дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа 29 зах худалдааны төвийн нийт 3669 бизнес эрхлэгч оролцож байна.
Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн дарга Б. Бат-Эрдэнэ:
Өнөөдөр Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсээс иргэдэд татварын талаар мэдээлэл өгөх, мэдлэг олгох зорилгоор нээлттэй хаалганы өдөрлөгийг зохион байгуулж байна. Татварын албанд иргэдээс ирүүлж байгаа гомдол, саналын дийлэнхийг зах, худалдааны төвүүдээр и-баримт олгохгүй байна гэсэн гомдол эзэлдэг. Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсээс дүүрэгт үйл ажиллагаагаа эрхэлж буй 3669 бизнес эрхлэгчдийн 95 хувь нь QR кодоор баримт үүсгэх боломжийг бүрдүүлсэн.
Иймээс та Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрийн 29 зах болон худалдааны төвүүдээр үйлчлүүлэхдээ и-баримт авах бүрэн боломжтой болсон гэсэн үг. Гагцхүү иргэн та өөрөө баримтаа шаардаж авах нь чухал. Хэрэв баримт өгөөгүй тохиолдолд Татварын албанд гомдол гаргах бүрэн эрхтэй гэдгийг дахин хэлмээр байна. Гомдол гаргахгүй явах нь энэ байдлыг улам өөхшүүлэх, далд эдийн засгийг бий болгох эрсдэлтэй.
Энэхүү өдөрлөгөөр нийтдээ Чингэлтэй дүүргийн 78 улсын байцаагч, ХААИС болон Этүгэн сургуулийн 180 гаруй мэргэжлийн оюутнууд 29 зах худалдааны төвүүдээр зөвлөгөө мэдээлэл өгч ажиллаж байна.