Н.Түвшинбаярт 12-20 жил, эсвэл БҮХ НАСААР НЬ ХОРИХ ял онооно
Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Олимпын аварга Н.Түвшинбаярыг шүүх хурлын урьдчилсан хэлэлцүүлэг өнөөдөр /2022.04.29/ боллоо.
Шүүх бүрэлдэхүүн Н.Түвшинбаярт холбогдох хэргийн шүүх хурлыг ирэх тавдугаар сарын 12-ны өдөр товлолоо.
Ингэхдээ хохирогч талын өмгөөлөгчөөс тавьсан хүсэлтийг үндэслэж, шүүх хурлыг хаалттай явуулахаар болсон байна. Эх сурвалжийн мэдээлснээр шүүх хуралд 10 орчим гэрч оролцох ажээ.
Прокурорын байгууллагаас Н.Түвшинбаярыг согтуурсан үедээ Улсын начин Э.Энхбатыг тодорхойгүй шалтгаанаар зодож, тархинд нь хавсарсан, олон хүнд гэмтлүүд учруулан хүнийг онц харгис хэрцгийгээр хөнөөсөн, бусдын эд хөрөнгийг устгаж, гэмтээсэн гэдэг үндэслэлээр яллагдагчаар татсан.
Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн байдаг.
Хуульд зааснаар түүнд 12-20 жил, эсвэл бүх насаар нь хорих ял оноох магадлалтай аж.