ХБДХ: Дөрвөн гишүүний бүрэн эрхийг ТҮДГЭЛЗҮҮЛЭХ ШААРДЛАГАГҮЙ гэж үзлээ
Прокурорын байгууллагаас нэр бүхий дөрвөн гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлж, шалгах хүсэлтээ УИХ-д хүргүүлсэн. Энэ хүрээнд УИХ-ын Халдашгүй байдлын дэд хороо өнгөрсөн лхагва /2022.04.27/ гарагт хуралдсан ч шийдвэрт хүрч чадаагүй юм.
Учир нь, яллагдагчаар татагдсан УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг, Х.Ганхуяг, Г.Амартүвшин, Ё.Баатарбилэг нар хэргийнхээ талаар ойлголтгүй, тогтоолтойгоо танилцаагүй зэрэг шалтгаанаар шийдвэрт хүрч чадаагүй юм.
Тэгвэл УИХ-ын Халдашгүй байдлын дэд хороо өнөөдөр /2022.04.29/ хуралдлаа. Хуралдаанаар нэр бүхий дөрвөн гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх шаардлагагүй гэж үзсэн байна. Өөрөөр хэлбэл, прокурорын байгууллагаас ирүүлсэн саналыг дэмжээгүй аж.
Одоо УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо дөрвөн гишүүний асуудлыг авч хэлэлцэнэ. Улмаар чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж, гишүүдийн олонхийн саналаар нэр бүхий дөрвөн гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэхийг эцэслэх юм.