А.Адъяасүрэн, Б.Бейсен нарыг мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна
Өчигдөр УИХ дахь Халдашгүй байдлын дэд хороо хуралдаж, УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг, Ё.Баатарбилэг, Х.Ганхуяг, Г.Амартүвшин нарыг түдгэлзүүлэх саналыг хэлэлцсэн.
Халдашгүй байдлын дэд хороо 19.30 цаг хүртэл хуралдаад шийдвэрт хүрч чадаагүй тул маргааш дахин хуралдахаар болсон.
Хуралдааны дараа Улсын ерөнхий прокурор Б.Жаргалсайхан мэдээлэл өгөх үеэр "Нэр бүхий УИХ-ын дөрвөн гишүүнийг эрх мэдлээ урвуулан ашигласан буюу Эрүүгийн хуулийн 22.1 дэх заалтад үндэслэн яллагдагчаар татсан.
Өөр гишүүдэд холбогдох мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна. Хөгжлийн банктай холбоотой гэхэд 29 хэрэг бүртгэлийн хэрэг байна. Одоогоор мөрдөн шалгах шатандаа яваа хэрэгт холбогдсон УИХ-ын гишүүдийн тухайд, нотлох баримт уг хүрээндээ олдвол бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх шаардлагагүй, шууд шүүхээр шийдэж болно" гэлээ.
Мөн энэ үеэр бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх өндөр магадлал бүхий А.Адъяасүрэн, Б.Бейсен нарын тухайд "Гишүүдэд холбогдох мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа" гэв.