Мөрдөн шалгах байгууллагын хүсэлтийн дагуу БҮРЭН ЭРХИЙГ ТҮДГЭЛЗҮҮЛЭХ санал оруулжээ

2022 оны 4 сарын 27

Arslan.mn

Хөгжлийн банкны шуугиан дэгдсэнээс хойш Их хурлын нэр бүхий гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлж шалгах асуудал багагүй хугацаанд яригдлаа. Эцэст нь энэ долоо хоногийн эхэнд Улсын ерөнхий прокурор Б.Жаргалсайхан дөрвөн гишүүний нэрийг спикерт хүргүүлээд байна. Хуулиар бол шалгагдаж байгаа гишүүд мөрдөн шалгах ажиллагаанд саад учруулаагүй бол бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх санал оруулдаггүй. Харин мөрдөх байгууллагын саналыг үндэслэдэг. Тэгвэл энэ удаа мөрдөн шалгах байгууллагын саналын дагуу УИХ-ын гишүүн Х.Ганхуяг, Г.Амартүвшин, Н.Алтанхуяг, Ё.Баатарбилэг нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг оруулжээ. Энэ мэдээлэлтэй холбоотойгоор УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл хуралдаж хэлэлцэх асуудлын жагсаалтыг шинэчилсэн байна. Угаас хуулийн хугацаа ажлын тав хоног учраас ирэх даваа гарагт багтан эцэслэх ёстой. Энэ дагуу өнөөдөр байнгын хороод хэлэлцэж, улмаар чуулганаар эцэслэхээр шуурхайлж байгааг МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн хэллээ. Тэрбээр "УЕП-оос УИХ-ын дөрвөн гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг шийдвэрлэж өгөөч гэсэн хүсэлт ирсэн байна. Халдашгүй байдлын дэд хороо лхагва гарагт хуралдаж, дөрөв дэх өдөр Төрийн байгуулалт, Хууль зүйн байнгын хороо хуралдана.Улмаар баасан гарагт УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцэж, эцэслэн шийднэ. Түдгэлзүүлэх үндэслэл байна уу, үгүй юу гэдгийг Халдашгүй байдлын дэд хороо шийдэж, бид тэндээс гарсан дүгнэлтээс шалтгаалж шийдвэрээ гаргана. Түүнээс наана байр сууриа илэрхийлэх боломжгүй" гэв. Өөрөөр хэлбэл, гишүүдийг түдгэлзүүлэх эсэхийг хамгийн түрүүнд Халдашгүй байдлын дэд хороо шийдвэрлэх юм. Тус хорооны гишүүн Б.Бат-Эрдэнэ “Прокуророос хуулийн дагуу асуудлаа оруулсан бол УИХ энэ асуудлыг нь яаралтай хэлэлцэх ёстой. Шалгуулах шаардлагатай гишүүд байвал энэ асуудлаа хуулийн дагуу шалгуулаад буруутай эсэхээ тогтоолгоод ороод ирэх нь нээлттэй. Халдашгүй байдлын дэд хороо бүх хэрэг материалтай танилцдаг" гэсэн хариултыг өглөө.

Харин сөрөг хүчний зүгээс хэрвээ эрх баригч нам гишүүдээ үлдээгээд сөрөг хүчний гишүүнийг түдгэлзүүлбэл сөрөг хүчнээ дарлаж байна гэж үзсэн гэсэн байр суурийг илэрхийлээд байгаа.

УЕП-оос бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх санал оруулахдаа Н.Алтанхуяг, Г.Амартүвшин, Х.Ганхуяг нарыг Хөгжлийн банктай холбоотой асуудлаар шалгахаар түдгэлзүүлэх санал гаргаж буй бол УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэгийг авлигатай холбоотой асуудлаар шалгахаар болсон гэжээ. Энэ асуудлаар гишүүд ямар байр суурь илэрхийлж буйг хүргэе.

Н.Алтанхуяг: Намайг дуугүй болгох зохиол бичиж, яллагдагчаар татаж байна

-Юу болоод байгааг сайн мэдэхгүй байна. Би Ерөнхий сайд байсан учраас улс орны амьдралд санаа зовж явдаг. Үнэн үг хэлэхээр олон хүн дуугүй байдаг. Намайг дуугүй болгох зохиол бичиж байгаа гэсэн. Юу болох нь уу, харж байя.

Прокурорын тогтоолтой нь лхагва гарагт дэлгэрэнгүй танилцаад, мэдүүлэг өгье гэж хэлсэн. Засгийн газар дээр мянган шийдвэр гардаг шүү дээ. Үндэслэлийнх нь талаар яриад дэмий байх. МАН-ын талаар юм ярьсанд дургүйцсэн, эгдүүцсэн хэсэг бий. Би нэлээд хэд хоногийн өмнө “Байгалийн баялгийг ард түмэн тэгш хүртэх ёстой. “Эрдэнэт үйлдвэр”-ийн зэс, хүдэрийг эрдэнэтчүүд, “Эрдэнэт үйлдвэр” гурвуулаа 33, 33, 34 хувиар эзэмших тогтоолын төсөл барьсан. Энэ талаар ярьвал УИХ дээр дайн болно. Намайг Ерөнхий сайдын суудлаа өгснөөс хойш Монголд шударга юмгүй болсон.

Ё.Баатарбилэг: Зээл авсан процесст нөлөөлсөн зүйл байхгүй

-УИХ-ын даргад бичиг ирсэн гэж сонссон. УИХ-ын удирдлагуудтай уулзаагүй. Ямар бичиг ирсэн талаарх мэдээлэл алга. Хөгжлийн банктай холбоотой асуудлаар шалгагдаж байна гэж ойлгосон. Өнгөрсөн долоо хоногт АТГ-т очиж, тогтоолтой танилцсан. АТГ намайг шууд яллагдагчаар татсан байна лээ. Мөрдөн байцаах ажиллагаа явж байгаа юм байна. Хууль хяналтын байгууллагууд энэ талаар ярих байх.

Би НВЦ компанийн Ц.Баатарбилэгийг танина. Бид олон жилийн найзууд. Ц.Баатарбилэг 2017 онд Хөгжлийн банкнаас зээл авсан юм байна. Тэр үеийнх нь зээл авсан процесст би нөлөөлсөн зүйл байхгүй. Тухайн үеийн Хөгжлийн банкны удирдлагуудыг ч би танихгүй.

Х.Ганхуяг: Нөлөөлсөн бол хариуцлага хүлээхэд бэлэн

-Хөгжлийн банкнаас авсан зээл бол УИХ-ын гишүүн болохоос өмнө болсон үйл явдал. Бизнес эрхэлж байх хугацаандаа тогтвортой үйл ажиллагаа явуулж, энэхүү зээлийг миний хамаарал бүхий этгээд авсан. Ингэхдээ зээлийн шаардлага, нөхцөлийг хангаад хууль дүрмийнхээ дагуу авсан байдаг. Миний хувьд зээлтэй холбоотой шаардлагатай бүх материалыг хэвлэл мэдээллийнхэнд нээлттэй өгсөн. Би тухайн зээлийг авахад ямар нэг нөлөө үзүүлэх боломжгүй. УИХ-ын гишүүнээр ч сонгогдоогүй байсан. Улстөрч болсныхоо дараа хамаарал бүхий этгээддээ энэ зээлийг авч өгсөн бол өнөөдөр ч хариуцлага хүлээхэд бэлэн байна.

Г.Амартүвшин: Зээлийн шийдвэрийг ганцаараа гаргаж байсан удаагүй

-УИХ-ын гишүүний бүрэн эрх нэрийн дор аливаа гэмт үйлдлийг халхавчилдаг байдлын эсрэг байдаг. Тиймээс бүрэн эрхээсээ түдгэлзэж шалгуулахад бэлэн. Хөгжлийн банктай холбоотой мэдээлэл бол түр үүрэг гүйцэтгэж байх зургаан сарын хугацаанаас өмнө байсан зээлүүд. Тус жагсаалтад шинээр гаргасан зээл байхгүй. Засгийн газраас чиглэл өгч, прокурорын байгууллагатай хамтран шүүхэд өгөх ажлыг би эхлүүлсэн. Тухайн үед прокурор энэ хэргүүдэд анхаарал хандуулаагүй. Хөгжлийн банкны захирлаар ажиллаж байх хугацаандаа дангаараа нэг ч зээл гаргах шийдвэрийг гаргаж байгаагүй. Хуулиараа ТУЗ шийдвэрийг гаргадаг. 2019 онд гарсан гэх гурван зээл нь намайг ажил авахаас өмнө батлагдсан зээлийн хэсэгчилсэн олголт аль эсвэл нөхцөл өөрчлөх зээлүүд байна лээ. Шинэ зээл огт биш. Би АТГ-д шалгуулахад бэлэн.

Эх сурвалж: "ЗУУНЫ МЭДЭЭ" сонин
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
636429
0 эможи

Энхболд
2022-04-27 13:42
Бүгдийг нь гишүүнээс түдгэлзүүлж шалгах нь зүйд нийцнэ.
keyboard_arrow_up