Т.Ганбаатар: Төслийн хүрээнд нийт 59 сумыг үе шаттайгаар дэд бүтцэд холбоно
Барилгын хөгжлийн төв” ТӨҮГ-ын Нийтийн аж ахуйн хэлтсийн дарга Т.Ганбаатартай ярилцлаа.
-Орон сууц, нийтийн аж ахуйн салбарт 2022 онд ямар томоохон төсөл хөтөлбөрүүд хэрэгжих вэ. Мөн одоогийн нөхцөл байдлаас харахад энэ салбарын хувьд ямар тулгамдсан асуудлууд байна, түүнийг хэрхэн шийдвэрлэхээр ажиллаж байна вэ?
-Өнгөрсөн гуравдугаар сард Орон сууц, нийтийн аж ахуйн салбарынхан удирдах ажилтны зөвлөгөөнөө хийж, салбарын талаарх төрөөс хэрэгжүүлэх бодлого, хууль эрх зүйн баримт бичиг, салбарын хөрөнгө оруулалт болон техник, технологийн өнөөгийн байдлал түүний ашиглалт зэрэг олон асуудлыг хөндөн, хэлэлцсэн. Мөн энэ үеэр тулгамдаж буй асуудлаа шийдвэрлэх арга замуудын талаар зөвлөлдлөө.
Салбарын 2022 онд хийж хэрэгжүүлэх онцлох ажил бол “Сумын хөгжилд-инженерийн дэд бүтцийн хангамж” төсөл юм. Энэ төслийн хүрээнд нийт 59 сумыг үе шаттайгаар дэд бүтцэд холбоно. Төслийн хүрээнд сумдын инженерийн шугам сүлжээний ашиглалтын төлөв байдал, боловсон хүчний судалгааг хийчихсэн. Энэ судалгаан дээрээ үндэслээд төслийг хэрэгжүүлнэ. Төсөл хэрэгжээд дуусахад, ашиглалтын үйл ажиллагааг авч явах боловсон хүчний асуудлыг шийдэх нь нэн чухал юм. Нийтийн аж ахуйн үйлчилгээний салбарын хувьд боловсон хүчин дутагдалтай байгаа нь тулгамдсан асуудал болж байна.
-Сумын хөгжил-Инженерийн дэд бүтцийн хангамж төсөл энэ жил хэчнээн суманд хэрэгжих вэ. Дэд бүтцэд холбогдох сумдад одоо ямар ажлууд үргэлжилж байна вэ?
- Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 2022 онд Архангайн Их-тамир, Дорнодын Дашбалбар, Дундговийн Луус, Өвөрхангайн Бат-Өлзий, Уянга, Хужирт, Төв аймгийн Баянчандмань, Сэргэлэн, Эрдэнэ, Борнуур, Дэлгэрхаан, Хэнтий аймгийн Дэлгэрхаан зэрэг сумын төвийн шинэчлэлийн ажил төсөвт тусгагдаад байна. Урд нь хийгдэж байсан сумын төвийн шинэчлэл төсөл нь хэрэгжилтийн явцад хэд хэдэн дутагдалтай талууд ажиглагдаж байна. Үүнд зарим сумдын хүн амын өсөлт, хэрэглээг хэтэрхий өндрөөр төсөөлж бүтээн байгуулалт хийгдсэн тохиолдол цөөнгүй байна.
Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар 2022 оны 1-р улиралд Төв аймгийн сумуудын удирдлагууд болон иргэдтэй уулзалт зохион байгуулж сумын төвийн инженерийн шийдлийг оновчтой төлөвлөх, төсөв санхүүгийн үр ашигтай хуваарилах зэрэгт санал солилцож уг төслийн үр ашгийг нэмэгдүүлэхэд орон нутгийн зүгээс дэмжлэг үзүүлэх тал дээр анхаарч ажиллах чиглэл өгсөн. Мөн Өвөрхангай аймгийн холбогдох удирдлагуудын хамт дээрх 3 сумын төвийн шинэчлэлийн зургийн ажлын даалгавар боловсруулж, мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлж хамтран ажиллалаа.
-Өмнө нь хэрэгжсэн төслүүдэд ямар дутагдалтай талууд байсан бэ гэдгийг тодруулахгүй юу ?
-Хүн амын нутагшилт суурьшлын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний судалгаатай уялдуулаад, ажлын уялдаа холбоог сайжруулахад анхаарч байна. Өмнө нь аймаг нь аймгийнхаа юмыг хийчхээд, сумуудаа орхичихдог, сумууд нь эзэнгүй, нэг галч, жижүүр нь шинэ техник технологи дээр ажиллаж мэдэхгүй оролдож, гацаадаг, зогсоочихдог асуудал байсан. Энэ алдаануудыг давтахгүй, хүний нөөцийг бэлтгэх зэрэг ажлын уялдаа холбоог анхаарч, аймаг, сумдыг Усны зохицуулах газар, салбарын яамнаас бодлогоор яаж дэмжих үү, иргэд нь яаж оролцох уу гээд бүх талын оролцоог хангаж, бүрэн 100 хувийн ашиглалттай байгууламжуудыг ашиглалтад оруулах юм.
-Сумдыг дэд бүтцэд холбоно гэхээр, яг ямар ажлууд хийгдэх юм бол?
-Энэхүү төсөл, арга хэмжээ нь үйлдвэр, үйлчилгээг хөгжүүлэхэд шаардлагатай дэд бүтцийг бий болгох ялангуяа инженерийн шугам сүлжээг шинээр барих, сумын иргэдэд нийтийн аж ахуйн үйлчилгээг иж бүрнээр хүргэх, тогтвор суурьшилтай ажиллаж амьдрах нөхцөлийг бүрдүүлэх, эрүүл ахуйн шаардлагыг хангах, төвлөрлийг сааруулах зорилготой төсөл юм.
Сумдын хүн амыг эрүүл ахуйн шаардлага хангасан ундны усаар хангах, хэрэглээнээс гарсан бохир усыг татан зайлуулж, цэвэрлэх байгууламжаар дамжуулан стандартын шаардлагад нийцүүлэн цэвэрлэж, хөрсний бохирдлыг бууруулна. Дулаан хангамж, хэрэгцээний халуун усаар тогтмол хангаж, нийтийн халуун усны үйлчилгээг хүн амд үзүүлнэ. Сумын төвийн орон сууц, олон нийт, нийгмийн дэд бүтцийн барилга байгууламж, худалдаа, үйлчилгээний байгууллагууд болон айл, өрхийн 40 хүртэлх хувийг инженерийн дэд бүтцийн төвлөрсөн шугам сүлжээнд холбогдоно. Төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаа, түншлэлийг бэхжүүлж, иргэдийн оролцоог нэмэгдүүлж, нийтийн аж ахуйн үйлчилгээний тогтвортой үйл ажиллагааг хангах юм.