Д.Тогтохсүрэн: Хөнгөн галт тэрэгтэй холбоотой асуудлаар ажлын хэсэг байгуулна
МАН-ын бүлгийн өнөөдрийн хуралдаанаар LRT төслийг хэлэлцсэн байна. Энэ талаар МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн мэдээлэл өглөө. Тэрээр "МАН-ын бүлгийн ээлжит хурлаар хоёр асуудал хэлэлцлээ. Нэгдүгээрт, Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг бүлэг хэлэлцсэн. Зөрчлийн хууль хянан шийдвэрлэх тухай хууль мөн орж ирсэн. Энэ хоёр төлийг дэмжих бүлгийн шийдвэр гарсан. Гэхдээ УИХ-ын ажлын хэсэг гарах шаардлагатай гэж үзсэн.
Хоёрдугаарт, өнгөрсөн долоо хоногт УИХ 2022 оны улсын төсөв түүнийг дагасан 10 хууль, дөрвөн тогтоолыг УИХ-д өргөн барьсан. Эдгээрийн дотроос өнгөрсөн долоо хоногт төсвийн байнгын хорооны нэгдсэн чуулганаар хэлэлцээгүй нэг тогоол байсан. Энэ нь Шинэ сэргэлтийн бодлогыг хэрэгжүүлэх хүрээнд Засгийн газраас зээлийн баталгаа гаргахтай холбоотой тогтоол юм. Үүнийг МАН-ын бүлэг өнөөдөр нухацтай хэлэлцсэн. Улмаар сүүлийн үед яригдаад байгаа LRT гэх төслийн талаар танилцуулга сонссон. Ийнхүү МАН-ын бүлэг дараах шийдвэрийг гаргалаа. Юун түрүүнд уг төслийг дахиж хэлэлцэх шаардлагатай гэж үзсэн. Энэ дээр бүлгээс ажлын хэсэг гараад, Засгийн газартай хамтарч ажиллах шаардлагатай байна гэж үзлээ" гэв.
Нийт ТЭЗҮ нь 926 сая ам.долларын өртөг бүхий уг төсөлд Засгийн газраас үндсэн зээлийн 50 хувьд нь баталгаа гаргавал 85 хувийг нь БНХАУ-ын талаас гаргана гэдгээ илэрхийлсэн аж. Ингэхдээ урд хөршийн дөрвөн том компани голлох гүйцэтгэлийг хийж, 10 жилийн хугацаатай таван хувийн хүүтэй зээлээр тэднийг улсаас нь санхүүжихээр байгаа юм. Үлдсэн 15 хувийг хот түгжрэлийг бууруулах 420 тэрбумаасаа гаргах тооцоолол хийжээ.