ШӨТХГ-ын дарга С.Мөнхчулуун иргэдэд хамгийн их тулгамдаж буй асуудлыг хөндлөө
Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын /ШӨХТГ/ даргаар өнгөрсөн долоо хоногт С.Мөнхчулууныг томилсон билээ.
Томилогдсон өдрөө “Миний бие Монгол улсын хууль тогтоомж, Засгийн Газрын шийдвэрийн хүрээнд Зах зээлд чөлөөт өрсөлдөөний таатай орчинг бүрдүүлж, шударга нээлттэй өрсөлдөөнийг дэмжиж, хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалж, үндэслэлгүй үнийн хөөрөгдлийг хязгаарлахын төлөө хичээн зүтгэх болно” хэмээн онцолж хэлж байсан.
Тэгвэл тэрбээр махны үнийн өсөлт, нөөцийн махны хүртээмжийг судлан иргэдээс санал авч, ажиллаж байгаа аж.
ШӨХТГ-ын дарга С.Мөнхчулуун өөрийн цахим хуудсандаа “Зах, дэлгүүрт хонины ястай мах кг нь 10000-14500 ₮, үхрийн ястай мах 12500-17000 ₮, ямааны ястай мах 9800 ₮, харин нөөцийн махыг нийт 468 цэгээр худалдаж байгаа бөгөөд хонины ястай мах кг нь 8300 ₮, үхрийн ястай мах 8,900 ₮, ямааны ястай мах 7100 ₮ -ийн үнэтэй зарагдаж байна.
Энэ жилийн нөөцийн мах их дажгүй мах байна. Хэрэв танай үүдний дэлгүүрт эсхүл Номин, Е-Март, Миний дэлгүүр гэх мэт бүх дэлгүүр, хүнсний захуудаар нөөцийн мах худалдаалвал та авах уу? Үүнийг дагаад махны үнийн хөөрөгдөл бууна. Нөөцийн мах гэдэг бол ер нь малчдаас ченжийн гар дамжилгүйгээр шууд зах зээлд нийлүүлэгдэж байгаа, хямд байхад нь аваад хөлдөөсөн л мах юм шүү дээ” гэжээ.
Ямартай ч ШӨХТГ газар хэрэглэгчийнхээ төлөө ажлаад эхэлжээ. Бүх дэлгүүрүүдээр нөөцийн махыг худалдаалвал махны үнэ буурах магадлалтай төдийгүй иргэд гэртэйгээ ойр байрлах дэлгүүрээс нөөцийн мах худалдаж авбал элдэв үнийн хөөрөгдөл үүсэхгүй гэж үзэж байгаа аж.