ЦЕГ:Долоо хоногийн ОНЦЛОХ ТОЙМ
Энэ долоо хоногт цагдаа, дотоодын цэргийн байгууллагад болж өрнөсөн “ОНЦЛОХ” үйл явдлыг тоймлон хүргэж байна.
ДОТООДЫН ЦЭРГИЙН 810 ДУГААР АНГИД “БАЙЛДААНЫ ТУГ” ГАРДУУЛЛАА
Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 356 дугаар тогтоолоор Дотоодын цэргийн 810 дугаар тусгай салбарыг “Анги” болгон өргөтгөсөн. Тус ангид “Байлдааны туг” гардуулах ёслол хүндэтгэлийн арга хэмжээг өнөөдөр /2022.04.22/ зохион байгууллаа.
Хүндэтгэлийн арга хэмжээнд Монгол Улсын Их Хурал, Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар, Цагдаагийн ерөнхий газрын дарга, Дотоодын цэргийн командлагч, хошууч генерал Ж.Болд, Дотоодын цэргийн штабын дарга, хурандаа Р.Чингис болон алба хаагчид оролцлоо.
“ХҮҮХДЭД ЭЭЛТЭЙ ӨРӨӨ” АШИГЛАЛТАД ОРЖ, НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
Монгол Улсын Засгийн газар болон Америкийн Нэгдсэн Улсын Төрийн департментын хамтран хэрэгжүүлж буй “Хүүхэд хамгааллын түншлэлийн компакт гэрээ”-ний хэрэгжүүлэгч байгууллага болох “Дэлхийн зөн” олон улсын байгууллагын дэмжлэгтэйгээр тохижуулсан Нийслэлийн цагдаагийн удирдах газрын Мөрдөн шалгах газар, Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн газрын нэгдүгээр хэлтэс, Хан-Уул дүүрэг дэх цагдаагийн газрын хоёрдугаар хэлтэст насанд хүрээгүй хүнээс мэдүүлэг авах өрөөг хүлээлгэн өгөх арга хэмжээ боллоо.
“Хүүхдэд ээлтэй өрөө” ашиглалтад орсноор цаашид хүүхдээс мэдүүлэг авахад насанд хүрээгүй хүүхэд айж, эмээхээс урьдчилан сэргийлэх, мэргэжлийн сэтгэлзүйчтэй ярилцахад таатай орчин бүрдэх, сэтгэл санааг нь дэмжих зэрэг олон эерэг талуудтай юм.
ТӨРИЙН ТУСГАЙ ЧИГ ҮҮРГИЙН БАЙГУУЛЛАГУУДААС ТЭТГЭВЭР, ЧӨЛӨӨНД ГАРСАН АХМАДУУДАД ХҮНСНИЙ НОГООНЫ ҮР ХҮЛЭЭЛГЭЖ ӨГЛӨӨ
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэр бум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд Монгол цэргийн нэгдсэн холбооноос төрийн тусгай чиг үүргийн байгууллагуудаас тэтгэвэр, чөлөөнд гарсан ахмадуудын өрхийн орлогыг нэмэгдүүлэх, амьжиргааг дээшлүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор 10 төрлийн хүнсний ногооны үрийг тарьж, ургуулах арчилгаа, зааварчилгааны хамт хүлээлгэж өгөх арга хэмжээг өнөөдөр /2022.04.22/ зохион байгууллаа.
Мөн энэхүү арга хэмжээний хүрээнд Хөдөө аж ахуйн их сургуулийн Агро экологийн сургуулиас зохион байгуулсан ойжуулалт, агро ойжуулалт, мод тарьж ургуулах технологи сэдэвт сургагч багш бэлтгэх сургалтад Цагдаа, Хилийн цэрэг, Зэвсэгт хүчин, Онцгой байдал, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагуудын ахмадуудын төлөөлөл хамрагдсан юм.
“АЮУЛТАЙ БҮС БА ЗОГСОЛТ” АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА
Галт тэрэг зогсох, саатуулах зөрчлийг бууруулах зорилгоор төмөр зам дагуу үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж, байгууллага иргэдэд Монгол Улсын Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль, Зөрчлийн тухай хууль, Төмөр замын тээврийн тухай хууль болон Төмөр замын аюултай бүсийн дэглэмийн талаар сурталчлан таниулах, энэ төрлийн зөрчил үйлдэгдэхээс урьдчилан сэргийлэх чиглэлээр “Аюултай бүс ба зогсолт” арга хэмжээг Толгойтоос Амгалан өртөө хүртэл /390 км-н 1-р зуутаас 414-р км-н 1-р зуут хүртэл/ зохион байгуулж байна.
АРХИВ, АЛБАН ХЭРЭГ ХӨТЛӨЛТИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЧАНАРЫГ САЙЖРУУЛАХ ЧИГЛЭЛЭЭР ҮЕ ШАТТАЙ АЖИЛ,АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА
Нийслэлийн цагдаагийн удирдах газраас архив, албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагааны чанарыг сайжруулах чиглэлээр үе шаттай ажил, арга хэмжээ зохион байгуулж байна.
Харьяа нэгж, дүүрэг дэх цагдаагийн газар, хэлтсийн бичиг хэргийн эрхлэгч, архивч нарыг төрийн тусгай чиг үүргийн агентлагууд болон нийслэлийн Архивын газрын үйл ажиллагаатай танилцуулан туршлага судлуулж цагдаагийн байгууллагад хэрэгцээ, шаардлагатай ажлуудыг зохион байгуулж байна.
Мөн харьяа нэгж, дүүрэг дэх цагдаагийн газар, хэлтсийн төлөвлөлт, зохион байгуулалт, дотоод ажил хариуцсан алба хаагчдыг хамруулан, байгууллагын архив, албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагааны талаар сургалт, хэлэлцүүлэг зохион байгуулж, туршлага солилцлоо.